Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчин Мэйерс Леонард шууд дамжуулалт бүхий видео тоглоомын үеэр хараалын үгс хэлсэндээ албан ёсоор уучлалт гуйжээ. Тэрээр өнгөрсөн мягмар гарагт шууд дамжуулалт бүхий Call of Duty: Warzone гэх видео тоглоом тоглохдоо зүй бус үгс хэлж, хамтран тоглогчдоо харааж байсан гэнэ.
Майами Хит багийн чадварлаг тоглогчийн зүй бус үгс хэлж буй уг бичлэгийг хамт тоглосон нэгэн залуу Twitch сувагт байршуулснаас хойш олон нийтийн шүүмжлэлийн бай болжээ. Хүмүүсийн шүүмжлэлд өртсөн Мэйерс Инстаграм хуудсаараа дамжуулан уучлалт гуйж “Шууд дамжуулалт бүхий видео тоглоомын үеэр антисемитик хараалын үгс хэлсэндээ гүнээ харамсаж байна. Түүхийн талаарх мэдлэггүй байдал. Жүүд үндэстний хувьд доромжлол болдог үгсийг хэлснээ мэдээгүй байна. Гэхдээ энэ бүхэн өөрийгөө өмөөрөх шалтаг биш. Бүгд миний буруу” гэж бичиж нийтэлжээ.
Антисемитик гэдэг нь жүүд хүмүүсийг үзэн ядах үзэл бөгөөд жүүд үндэстэнг ялгаварлан гадуурхах үзэл юм.
Б.Жаргал