Өмнөд Африкийн Зулу омгийн хаан Гүүдвилл Звелитини 72 насандаа таалал төгслөө. Хаан Звелитиниг таалал төгссөн тухай мэдээг Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирил Рамапоса өөрийн Твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Ковид-19 цар тахлын улмаас хаан Звелитиниг оршуулах ёслолд олон хүн оролцохыг хориглож, ойр дотны 50 хүн л үдэж гаргана гэсэн мэдээллийг зарим африкчууд зөөлрүүлж өгөхийг хүсчээ. Тухайлбал Немзах Магеба нэртэй твиттер хэрэглэгч “Зулугийн Хааны оршуулгын ёслолд олон хүн оролцохгүй байх шийдвэрээ зөөлрүүлж өгнө үү, ерөнхийлөгч өө. Бид хаанаа зохих ёсоор нь оршуулахыг хүсч байна. Зулугийн хаан 50-аас илүү хүнээр үдүүлэх эрхтэй гэж бодож байна” гэж жиргэжээ.
Өмнөд Африкийн улс төрчид Квазулу омгийн иргэд хааныхаа оршуулгын ёслолд оролцохоор цар тахлын үеийн хөл хориог ч үл тоомсорлож магадгүй гэж үзэж, энэ тал дээр анхаарал хандуулна гэж мэдэгджээ.
Хаан Звелитини 50 гаруй жилийн өмнө эцгийгээ таалал төгссөний дараа хаан ширээнд заларч, Зулу омгийн түүхэнд хамгийн удаан хаанчилсан хаан төдийгүй хамгийн нөлөө бүхий удирдагч байжээ.
Б.Жаргал