Мартын 8-ны энэ өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэж өгөх заншил тогтсон байдаг. Харин энэ баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй.
Тэр үед эрчүүд нь гэргий нартаа бэлэг өгч, анхаарал халамж тарьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Бас энэ өдөр тэд ажиллахгүй байх боломжтой байжээ.
Харин Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байжээ. Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагссан нь энэ аж. Тэд мөн л ажлын нөхцлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихыг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ.
Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Орчин үед энэ баярыг Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнуудад тэмдэглэдэг болжээ. Түүнчлэн Узбекистанд эл өдрийг “Эхийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай юм байна.
Афганистан, Ангола, Армени, Азербайжан, Беларус, Буркина Фасо, Камбодиа, Хятад /зөвхөн эмэгтэйчүүд/, Куба, Гүрж, Гвиней-Бисау, Эквадор, Казахстан, Киргизстан, Лаос, Македон /зөвхөн эмэгтэйчүүд/, Мадагаскар /зөвхөн эмэгтэйчүүд/, Молдав, Монгол, Непал /Зөвхөн эмэгтэйчүүд/, Орос, Тажикистан, Туркменстан, Уганда, Украин, Узбекстан, Вьетнам, Замби зэрэг улсуудад энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж.
Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ихэвчлэн эрчүүд эмэгтэй найз нөхөд, ээжүүд, эхнэрүүд, үерхдэг бүсгүй, охин ангийн охид гэх мэт охид бүсгүйчүүддээ бэлэг өгч, баярлуулан тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн “Ээжүүдийн баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд нь ээжүүд, эмээ нартаа бэлэг өгч баярлуулан өнгөрүүлдэг аж. Ингээд зарим орнууд Мартын 8-ны баярыг хэрхэн тэмдэглэдэгийг сонирхуулж байна.
Германчууд жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг
Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийн тэмдэглэдэг байсан юм. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байв. Тиймээс хоёр Германи нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больсон. Тэд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна.
Польшчууд мартын 8-нд амардаггүй
Германчуудын адил Мартын 8-нд амардаггүй ч гэсэн ЗХУ-ын үеэс уламжлагдаж ирсэн баяраа мартаагүй. Энэ өдөр польш эрчүүд эмэгтэйчүүддээ баяр хүргэж, цэцгийн баглаа бэлэглэдэг байна.
Литвад зөвхөн орос хэлтэй иргэд амьдардаг мужуудад тэмдэглэдэг
Литва улсад Мартын 8-ны баярыг орон даяар тэмдэглэдэггүй. Зөвхөн орос хэлтэй иргэд амьдардаг мужуудад тэмдэглэдэг байна. Тиймээс энэ улсад Мартын 8-ны баярын тухай нэгдсэн ойлголт байдаггүй гэж ойлгож болно. Зарим нь ЗХУ-аас үлдсэн хуучин уламжлал гэж үздэг бол зарим нь эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг гол баяр хэмээн үздэг байна. Литвачууд эмэгтэйчүүдийг ганцхан өдөр баярлуулах биш өдөр бүр хайрлаж байх хэрэгтэй гэж үздэг аж.
Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж иржээ
Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэхүү өдрийг дээр үед “Чынг овогт эгч дүүсийг дурсах өдөр” хэмээн тэмдэглэдэг байжээ. Чынг овогт эгч дүүс дайны үеэр вьетнам үндэстний эрх чөлөөний төлөө тулалдсан эрэлхэг бүсгүйчүүд юм. Ялалтын өдрөөс хойш тэднийг дурсах өдөр Мартын 8-ны баяраар солигджээ. Энэ өдөр эрэгтэйчүүд эмэгтэйчүүддээ хамгийн гоё магтаалын үгсийг хайрлаж, хүндэтгэл үзүүлдэг байна.
Францад орос хэлтэй мужуудад болон коммунист үзэлтэй хүмүүс л Мартын 8-ны баярыг тэмдэглэдэг
Франц улсад Мартын 8-ны баярыг мөн орон даяар өргөн тэмдэглэдэггүй байна. Тодруулбал, ихэвчлэн орос хэлтэй мужуудад болон коммунист үзэлтэй хүмүүс л Мартын 8-ны баярыг тэмдэглэдэг аж. Францчууд жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Эмээ нарын баяр”, харин тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг албан ёсоор тэмдэглэдэг байна.
Итали: Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй
Итали улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай. Харин оройн цагаар шөнийн цэнгээний газрууд эмэгтэйчүүдэд тасалбаргүй байх аж. Тус улсад 1946 оноос хойш мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Тиймээс энэхүү өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна.
Болгар: Мартын 8-ны өдөр бол ЗХУ-ын үеийн цуурай
Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна
Туркменстанд Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглож байжээ
Туркменстанд Мартын 8-ны баяр ЗХУ-ын үеэс уламжлал болгон тэмдэглэн ирсэн албан ёсны баяр. Гэвч 2001 онд тухайн үед Түркмен улсын Ерөнхийлөгч байсан Сапармұрат Ниязов Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглосон. Тиймээс жил бүрийн гуравдугаар сарын 21-22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн мусылман шашинтны хаврын баяр Наурызын баярыг Туркменстан улсад “Хаврын баяр эмэгтэйчүүдийн баяр” болгон тэмдэглэж байхаар зарлиг гаргаж байв. Харин 2008 онд Сапармұрат Ниязовын дараа сонгогдсон Түркменстаны одоогийн Ерөнхийлөгч Гурбануглы Бердымухамедов Хөдөлмөрийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, Мартын 8-ны баярыг дахин сэргээсэн байна.
Японд гуравдугаар сарын дундуур бүсгүйчүүдэд бэлэг өгөх Цагаан өдөр тохиодог
Япончуудын хувьд гуравдугаар сарын 8 жирийн нэг өдөр. Гэхдээ тус улсад гуравдугаар сарын эхээр Охидын өдөр тэмдэглэж, эмэгтэйчүүддээ баяр хүргэдэг. Харин сарын дундуур бүсгүйчүүдэд бэлэг өгөх Цагаан өдөр тохиодог.
Вьетнам гэр бүлүүдийн хувьд энэ өдөр тун онцгой өнгөрдөг
Вьетнам гэр бүлүүдийн хувьд энэ өдөр тун онцгой өнгөрдөг. Учир нь энэ өдөр эх орноо эрэлхгээр хамгаалсан эгч дүү Чингийн дурсгалыг 2000 гаруй жилийн турш хүндэтгэн тэмдэглэж байна. Мөн энэ өдрөөр хавар ирснийг илтгэдэг аж.
Хятадад эл өдөр баярын хурал зохион байгуулдаггүй
Социализм цэцэглэсэн энэ улсад гуравдугаар сарын 8-ныг тэмдэглэдэг. Гэхдээ баярын хурал, улстөрийн цуглаангүйгээр өнгөрөөнө. Энд бүсгүйчүүддээ цэцэг бэлэглэнэ гэж хүлээгээд ч нэмэргүй. Яагаад гэвэл тасдсан зүйлийг бэлэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй байна.
Сэтгэгдэл (3)