Монголын залуу циркчид Австралид болсон олон улсын тэмцээнээс насанд хүрэгчдийн болон хүүхдийн ангилалд оролцож алт, мөнгөн цом авчээ. Энэ талаар хүүхдийн ангиллын төрлийг бэлдсэн багш Т.Будаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын залуу циркчид хос цом авсан гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
-Австралийн онлайн циркийн фестиваль болсон. Уг арга хэмжээ нь тав дахь удаагаа зохиогдож байна. Энэ жилийн хувьд коронавирусний улмаас тэмцээнээ онлайнаар зохион явууллаа. Манайхаас насанд хүрэгчдийн ангилалд У.Энхбаяр багштай “Чанга утасны номер”-оор орсон юм. Үүгээрээ насанд хүрэгчдийнхээ төрөлд мөнгөн цом авсан. Харин миний дасгалжуулсан хүүхдийн ангилалд оролцоод алтан цомыг нь авсан.
-Хэзээнээс энэ тэмцээнд орж эхэлсэн юм бэ?
-Миний хувьд анх удаа хүүхдүүдээ бэлдээд оролцож байна.
-Өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байв уу?
-ОХУ-ын Соёлын яам болон циркээс хамтран зохион байгуулсан онлайн фестиваль өнгөрөгч оны арваннэгдүгээр сард боллоо. Үүнд манай хүүхдүүд тэргүүн мөнгөн цом авсан. Энэ нь мөнгүүдийн хамгийн дээд цом нь юм. Циркцид коронавирусний үед онлайнаар ч болтугай тэмцэн уралдаандаа оролцоод Монголчууд циркээр дэлхийн тавцанд хэддүгээрт жагсаж вэ гэдэг нүүр царайг харуулж байна. Уран нугараач хүүхдүүд өмнө нь ширээн дээр нугардаг байсан бол энэ удаа явдаг дугуйн дээр нугарсан. Манай хүүхдүүд Монголд болсон өсвөрийн циркчдийн тэмцээнээс Гран-при цом авсан. Мөн олон улсын урлагийн их наадмын алтан цомыг авсан. Манай хүүхдүүдийн дөрөв дэх цомоо сая авсан гэсэн үг.
-Танай хүүхдүүд циркээр хэр удаан хичээллэж байна вэ?
-8-11 насны хамгийн доод тал нь дөрвөн жил, дээд тал нь зургаан жил хичээллэсэн хүүхдүүд бий. Үзүүлбэрт амжилт гаргаж алт, мөнгөн медаль авна гэдэг тодорхой хэмжээний өвөрмөц, шинэлэг зүйл хийж байж авдаг. Түүнээс биш ямар нэгэн аз, лобби байдаггүй. У.Энхбаяр багшийн хүүхдүүд циркийн сургуулийн сүүлийн төгсөгчид байсан юм.
-Циркчдэд тулгамдаж байгаа чухал асуудал юу байна?
-Циркчдэд хамгийн тулгамдаж байгаа асуудал нь байрны асуудал. Стандартын байр байхгүй болохоор бэлтгэл сургууль яаж хийх билээ. Өндрийн хэмжээнээс тулж агаарын номеруудаа хэрхэн бэлдэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Төр засагт ч хандсан. Дэлхийд Монгол гэдэг нэрийг авч явж байгаа урлаг гэж үзэхгүй л байх шиг байна. Соёлын өмнөх сайд циркчдэд тусална гэж хэлж байсан. Шинэ сайд ямар шийдвэр гаргах нь уу мэдэхгүй байна. Циркчид бид итгэл алдарч байна.
А.Сүх
Сэтгэгдэл (1)