Ухаалаг утсаны хөгжил шинэ шатанд ахихын хэрээр түүнд зориулагдсан аппликэйшнүүд улам бүр хөгжиж байна. Олон нийтэд зориулагдсан аппликэйшнүүдийн хэрэглэгчид эрчимтэй нэмэгдэж, хөл хорионы үе сошиал медиагийн хөгжлийг хурдасгах хөшүүрэг болж буй.
Бидний харилцаа холбоо, мэдлэг мэдээлэл солилцох, шинэ найз нөхөдтэй болох боломжийг өөрчилж буй нэн шинэ аппликэйшн аль хэдийн хэрэглэгчдийг татаад эхэлжээ. Clubhouse аппликэйшн нь аудио, бодит дуу хоолойн формат дээр суурилсан гэдгээрээ онцлог.
Clubhouse платформд хэрэглэгчид нь текст бичилгүйгээр ярилцаж, богино хугацааны аудио чат үүсгэж харилцахын зэрэгцээ алдартай хүмүүсийн ярилцлага, тэдэнтэй ярилцсан чатыг сонсож болдог. Өнгөрсөн оны тавдугаар сард нээлтээ хийсэн Clubhouse-ийн хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсч буй. Гэхдээ зөвхөн iOS үйлдлийн системтэй буюу iPhone хэрэглэгчид л ашиглах боломжтой байгааг нь шүүмжлэх хүмүүс олон байгаа юм. Хэрэглэгчдийнхээ хүрээг үйлдлийн систем, урилга хоёроор хязгаарласан Clubhouse аппликэйшн хэрэглэгчдэд танигдсан эхний 2 сардаа 1500 гаруй хэрэглэгчтэй болж 100 сая ам.доллараар үнэлэгдэж байсан бол одоо 2 сая хэрэглэгчтэй болж 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.
Clubhouse-ийн хэрэглэгч болохын тулд
Уг аппликэйшнийг ашиглахын тулд app store-оос татах биш уг аппликэйшнийг хэрэглэгчийн урилга танд хэрэгтэй болно. Тус аппликэйшнийг хэрэглэгч хэн нэгэн танд урилга илгээвэл холбоос бүхий линк танд мессежээр ирж, шинэ хаяг нээх хуудаср замчилна. Гэхдээ шинэ хэрэглэгч нь хоёр хүнийг л урихаар хязгаарлагдсан байдаг. Уригдан орсон шинэхэн хэрэглэгч та технологи, бизнес, эрүүл мэнд, урлаг гэхчилэн төрлүүдээс сонгоно. Ингэснээр цаашид таны сонгосон чиглэлийн чат бүлэг, эсвэл энэ төрлийн мэдээлэл оруулж буй хэрэглэгчийг танд санал болгодог. Цаашид хиймэл оюун ухаан таныг сонирхлын бүлгүүдтэй тань нийлүүлж чат өрөө, ярилцлагын бүлэгт тань хүргэх аж. Clubhouse-ийн ярилцлага нь нэг төрлийн live podcast-тай ижил гэж хэрэглэгчид нь үнэлжээ. Уг аппликэйшнийг сошиал медиа хэрэглэгчдийн анхаарлын төвд оруулсан нь ярилцлагын бүлэг байсан гэдэг. Опра Уйнфри, Дрейкээс эхлээд Элон Маск, Марк Цукерберг Clubhouse-ийн ярилцлагад оролцсоны дараагаас хэрэглэгчдийн тоо огцом өсч, урилга нь онлайн худалдаагаар нь 23-77 ам.долларын үнэд хүрч буй аж.
Clubhouse-ийн давуу тал
Clubhouse платформд зөвхөн аудиогоор харилцдаг, уг аудио нь хадгалагдаж үлддэггүй нь хамгийн том давуу тал болж байгаа юм. Зарим улсад “хориотой”-д тооцогддог сэдвүүдээр дараа нь үлдэх баримтгүй гэж үзэн чөлөөтэй ярилцдаг, өөрийгөө бүрэн нууцлах боломж олгож байгаа нь уг платформын урилгыг үнэд хүргэж байгаа гэхэд хилсдэхгүй. Урд хөрш хятадад Clubhouse аппликэйшнийг ашиглан Шинжааны мусульман шашинт Уйгаруудын эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, Хонгконгт өрнөж буй тэмцлийг ярилцаж эхэлсэн учир БНХАУ-ын эрх баригчид тус аппликэйшнийг ажиллах боломжгүй болгожээ.
Clubhouse-ийн ирээдүй
Сошиал платформуудын хувьд Clubhouse-т ашиглагдаж буй шиг чат өрөөнүүд, ярилцлагын бүлгэмүүдтэй болж эхэлсэн ч төрөл бүрийн сонирхлын бүлгэмүүдэд орж гарах нь чөлөөтэй байж, өөрийн гэсэн онцгой харилцаа холбоог үүсгэх өвөрмөц гэж хэлж болохуйц сонголт байхгүй. Clubhouse-т өөр өөр төрлийн чат өрөөнүүдээс гадна долоо хоног бүр шинэ инновацийг нэмж оруулж буй идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгааг бусад сошиал медиа платформууд гүйцэхээсээ өнгөрсөн гэхэд болно.
Хөл хорионы үед бусадтай харилцах харилцаагаа сайжруулах, гадаад орчноос тусгаарлагдсан ч нийгэмших боломжоор хангах эрмэлзэл нь Clubhouse-ыг цар тахлын дараа ч эрэлттэй, нэр хүндтэй хэвээр байлгана гэж судлаачид дүгнээд байгаа юм. Учир нь хүн бүрт өөрийн үзэл бодол, сонирхол, шүүмжлэлтэй ханддаг зүйлсээ нээлттэйгээр (гэхдээ өөрийн бусад мэдээллийг нууцлах боломжтой) илэрхийлэх хэрэгцээгээ аюулгүйгээр хангах боломж олгож буй платформ үгүйлэгдэж байдаг. Энэ хэрэгцээг бүрэн хангаж чадсан Clubhouse аппликэйшний ирээдүй илүү бат бөх байх бололтой.