Гадаад хэлийг нэг жилийн дотор үр дүнтэй суралцаж, дуртай мэргэжлээрээ тэтгэлэг авч чадсан Б.Мөнхзулыг танилцуулж байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Б.Мөнхзул гэдэг. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 31 дүгээр сургуулийг төгссөн. Одоо ирэх гуравдугаар сард БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр явахаар бэлтгэл ажлаа базаагаад байж байна.
-Ямар мэргэжлээр сурах гэж байна?
-Бизнесийн удирдлага чиглэлээр суралцана.
-Солонгос хэлийг хэзээнээс, өдөрт хэчнээн цагаар бэлтгэдэг байсан бэ?
-Солонгос хэлийг 2018 оноос эхлэн эрчимтэй сурч эхэлсэн. Солонгос хэлний түвшин тогтоох TOPIK-н шалгалтыг жилд хоёр удаа авдаг. Миний хувьд 2019 оны дөрөвдүгээр сард оролцоод TOPIK 4 оноо, намрын улиралд нь дахин оролцож хамгийн дээд оноо болох TOFIC 6 авч чадсан.
-Жилийн дотор маш үр дүнтэй хичээллэж ээ. Өдөрт хэчнээн цагийг хэл сурахад зарцуулж байв?
Өдөрт тогтмол 4-5 цаг Солонгос хэл сурахад зарцуулдаг. Шалгалтын хувьд тийм амар байгаагүй л дээ. Эхний шалгалтаа өгөөд оноо авсан ч тэтгэлэг авч чадаагүй учраас чадахгүй байх вий гэж бодоод их шантарч байсан л даа. Гэхдээ бууж өгөөгүй. Яг л өдөрт бэлтгэдэг цагаараа хичээллэсээр л байсан. Зогсолтгүй хичээллэсэн л үр дүнд хүргэсэн байх гэж боддог.
-Ихэвчлэн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн сурагчид л тэтгэлэг авдаг. Гадагшаа явж суралцдаг гэдэг хандлага байдаг шүү дээ. Хаана ч сурсан, ямар ч сургууль төгссөн бай хамаагүй хүн хичээвэл боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг чи харуулж чадсан. Үеийнхэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Улсын сургууль, хувийн төлбөртэй сургуульд суралцахдаа гол нь биш. Гол нь тухайн зүйлээ хүсэл, тэмүүлж байх ёстой. Өөрийгөө битгий дутуу үнэлээсэй. Бууж өгөхгүйгээр хичээвэл бүх зүйл болно гэж хэлье.
-Гадаад хэл сурахад арга барил чухал гэдэг. Чиний хувьд?
-Ер нь хэл сурахдаа өөрийгөө хэт хүчлэхгүй байх хэрэгтэй. Дуртай зүйлээрээ дамжуулан сурах хэрэгтэй байх. Тухайлбал, урлагт дуртай бол тухайн судалж байгаа хэлээрээ дуу, хөгжим, уран бүтээлчийнх нь талаар судлах зэргээр хичээллэвэл илүү амар санагдсан. Түүнээс биш ном бариад өөрийгөө хэт шахаад байвал сайн үр дүнтэй байж чадахгүй болов уу. Миний хувьд Солонгос хэлийг анхнаасаа сурах сонирхолтой байсан учраас дарамт байгаагүй. Солонгос хэл сурахдаа дуу их сонсож дагаж дуулдаг байсан. Тэр их түлхэц болсон. Одоо англи хэлээ гүнзгийрүүлж судалж байгаа. Дараа нь япон хэл сурна гэж боддог.
А.Сүх