Орон нутгийн сонгуулиар шинээр байгуулагдсан аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар Засаг даргаа тодруулж байна. Тодруулбал, өчигдөр Өвөрхангай аймаг засгаа сонгосон бол өнөөдөр Дорноговь аймаг Засаг дарга болон ИТХ-ын даргаа тодруулжээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар аймгийн ИТХ-ын даргаар Б.Ганзориг, аймгийн Засаг даргаар О.Батжаргал нарыг 100 хувийн саналаар сонгосон байна.
Тус аймгийн хувьд өмнө нь Засаг даргаар одоогийн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, ИТХ-ын даргаар С.Түмэнбаяр нар ажиллаж байсан юм.
ИТХ-ын даргаар сонгогдсон Б.Ганзориг гэж хэн бэ. Тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1984 онд төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.
Хөдөө аж ахуйн их сургуульд Мал зүйч-менежмент бакалавр, Удирдлагын академид Нутгийн удирдлагын менежерээр суралцаж дүүргэсэн.
Улаанбадрах сумын ЗДТГ-т мэргэжилтэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, хэлтсийн дарга, Улаанбадрах сумын Засаг дарга, 2016 оны 8 сараас аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байна.
Харин Засаг даргаар сонгогдсон О.Батжаргалын хувьд “Дорноговь-Их хөгжил сан” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг.
А.Сүх