Нацагийн Багабанди нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон, УИХ-ын анхны дарга, МАН-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Ерөнхийлөгч асан түүнийг өдгөө “Титэм үг” –ээр иргэд илүүтэй мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа тэрбээр гай ч, гавьяа ч байгуулаагүй. Тэтгэвэртээ сууснаас хойш титэм үг тэрлэж суудаг ажилтай болсон.
Саяхнаас "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак болон нэгжийн гурван захирал албан ажлаа хүлээлгэн өгөхөөр болж, үүнтэй холбоотойгоор “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын Засгийн газрыг төлөөлж буй Н.Багабанди, Ц.Түмэнцогт, Ц.Сүхбаатар нарыг чөлөөлөхөөр болсон юм.
Энэ цагаас л Н.Багабанди төрийн өндөрлөгүүд рүү ээлж дараалан утас цохиж, үг хаях болж, бүр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг заналхийлээд амжжээ.
УИХ-ын гишүүд “100 мянган ам.долларын цалин авч суудаг эрхмүүд юу ч хийхгүй байна. Засгийн газрыг төлөөлөх нь бүү хэл гаднын гар хөл болж байна” гэх шүүмжлэлийг байнга хэлдэг. Гишүүн Ц.Даваасүрэн энэ тухай байнга хөндөж “Н.Багабанди үлдэх гээд яагаад улайран зүтгэдэг юм бэ. ТУЗ-ийн гишүүн нэртэй арав гаруй жил явлаа. Юу хийв. Өөрчлөх цаг нь болсон” гэдэг ч хуучин бууны хугархай гэгчээр Ерөнхийлөгч асан яаж ийгээд л үлдэж чаддаг. Энэ удаад ч тэрбээр суудалдаа үлдэхийн тулд настны намбаа ч үл тоож, залуу үеэ заналхийлж суугаа нь даанч тоогүй юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (68)