Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүдийн нэр дэвшигчдэд батламж гардууллаа. Харин ХҮН-д батламж олгохоос татгалзсан юм. Яагаад олгохос татгалзсан тухай бид өмнөх нийтлэлээрээ сийрүүлсэн билээ.
Гол шалтгаан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6.1-д заасан хуулийг хангаагүй. Дээр нь намын удирдах зөвлөлийн гишүүдийн намын дүрмээс хэтэрсэн эрх ашигтай холбон тайлбарлаж болох юм. Өдгөө ХҮН-ын дотоодын тэмцэл ширүүсч нийслэлийн хороо нь хоёр толгойтой болж, хоёр дарга нь тус тусдаа сонгуульд оролцох гишүүдээ бүртгүүлэхээр хүсэлт гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Улмаар байдал хурцдаж ХҮН дахь хуучин нийслэлийн намын хорооны гишүүд шүүхэд ханджээ. Ийнхүү тус нам орон нутгийн сонгуульд нийслэлийн намын хуучин дарга О.Бямбадэлгэрээр үү, шинэ дарга П.Наранбаяраар удирдуулж оролцох уу. Эсвэл сонгуульд оролцох эрхийг нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэн бүрмөсөн түдгэлзүүлэх үү гэдэг нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээс хамаарах нь.
ХҮН-ыг сонгуульд бүртгэх боломжгүй болсонтой холбогдуулан удирдах зөвлөлийн гишүүд нь оройлон Сүхбаатарын талбайд хийх улс төрийн тэмцэлдээ бүх нийтийг уриалан дуудаад байна. Улс төрийн тэмцэл хийж болно. Гэхдээ ямар ч зүйлд соёл гэж зүйл байх хэрэгтэй. ХҮН-ынхан нийгмийг уриалан дуудаж, өдөөн турхирахаас урьтаад өөрсдөө ХҮН байгаач. Таван жилийн түүхтэй гээд л яриад байна. Гэтэл улс төрийн ямар ч соёлд суралцаагүй нь барьсан лоозонгоос нь харагдаж байна.
“5 настай ХҮН-ыг 99 настай МАН, 30 настай АН нийлэн хүчирхийлж байна” гэсэн лоозон бариад зогсож байх юм. Юу гэсэн үг вэ?
Нийгэмд хүчирхийлэлтэй холбоотой асуудал хамгийн эмзэг. Дээр нь сүүлийн өдрүүдэд есөн настай охиныг хойд эцэг нь хөнөөсөн зэрэг бага насны хүүхдүүдтэй холбоотой нийгмийг цочроосон ямар аймшигт мэдээллүүд явлаа. Ар гэрийнхэнд ч хамгийн эмзэг сэдэв байж таараа. Ийм зүйлийг улс төрийн хэрүүл, тэмцэлдээ хутган оруулах нь үнэхээр ёс зүйгүй байна. Монгол хэлний үгийн сан ингэтлээ дордсон хэрэг үү. Бусдаас бурууг эрсний оронд өөрсдөөсөө эрээч. ХҮН-ынхаан та нар өөрсдөө ХҮН байгаач.
А.Сүх
Сэтгэгдэл (10)