Нийслэлчүүд сар хүрэхгүй хугацааны дараа шинэ удирдагчтай болно. Хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулах амлалт өгөх нэр дэвшигч дунд Их Хурлын сонгуулиар унаад удаах шатны сунгаанд горилж буй хэд хэдэн хүн бий. Ийн горилогчдын дийлэнхийг ХҮН-ийнхэн эзэлж буй.
Энэ жилийн хувьд аймаг сум, нийслэл дүүрэгт давхар нэрээ дэвшүүлж болохоор онцлогтой. Төлөөлөгчид давхар дээлтэй болж болох зохицуулалтыг өмнөх парламентаар оруулж өгсөн юм. Энэ дагуу нийслэлийн төлөөлөгчийн сонгуульд унасан ч дүүрэгт гарах боломжтой гэсэн үг. МАН-ын хувьд хоёр шатны сунгаанд нэрээ дэвшүүлсэн таван хүн бий. Харин бусад намууд давхар тушаалд горилогчдоо хараахан зарлаагүй байна.
Дээд шатны сунгаанд бүдэрсэн төлөөлөгчийн албанд горилогчдоос УИХ-ын Тамгын газрын Хэвлэлийн албаны дарга асан, сэтгүүлч Д.Энхтуяа, ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл, ХҮН-ын бодлого, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга П.Наранбаяр, ХҮН-ийн гишүүн Б.Амараа нар тойргоо сольж, аз сорихоор шийджээ.
Тодруулбал, УИХ-ын Тамгын газрын Хэвлэлийн албаны дарга асан, сэтгүүлч Д.Энхтуяагийн хувьд УИХ-ын 19 дүгээр тойрог Дархан-Уул аймагт АН-аас нэр дэвшсэн. Энэ удаад Баянзүрх дүүрэгт өрсөлдөнө.
Харин Б.Мөнхсоёл УИХ-ын 24 дүгээр тойрог Сүхбаатар дүүрэгт нэр дэвшсэн бол НИТХ-ын сунгаанд Баянзүрхэд нэрээ дэвшүүлжээ. П.Наранбаярын хувьд Баянзүрхээс Баянгол руу, Б.Амараа Завхан аймгаас Баянзүрх дүүрэг рүү тойргоо шилжүүлжээ. Таньдагаасаа зугтаж, таньдаггүйгээ сонгосон тэдний сонголт мэргэн байсан эсэхийг иргэдийн сонголт харуулна.
Б.Лхам
Сэтгэгдэл (12)