Хүүхэд нас, хар бараан бүхий л зүйлсээс ангид байх амьдралын гэгээн үе. Энэ л насанд амьдралтай анхлан танилцаж, юмсын утга учрыг таних мэдэхийг эрмэлзэнэ. Ой ухаандаа бүрэлдэж буй төсөөлөл бүхэн хийгээд харах өнцөг нь үргэлж гэгээлэг. Тэд амьдралаас гэрэлтэйг нь олж харж чаддаг. Ийм л нандин үе. Гэхдээ хүүхэд бүрт өөр өөрийн ертөнц, хүсэл эрмэлзэл оршин бий. Тэдний ертөнцийг нээхээр “Улаанбаатар Эмпати” сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн дэлгэжээ. Энд хүүхдүүд өөрийн төсөөллөө бүтээл болгон амилуулсан байна. Энэ удаагийнхаа сурвалжлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үзэгч олонд сонирхуулж буй зургийн үзэсгэлэнгээс бэлдлээ.
“Би том болоод хүүхдүүдийг хамгаалдаг цагдаа болно”
“Аав ээжийн амин хүү дээ би, алт мөнгөнөөс ч үнэтэй хүү дээ” хэмээн өөрийн жижигхэн тайзыг бий болгон хичээн дуулах Э.Амар хүү. Анх удаа олны өмнө гарч дуулж байгаа гэхэд сандарч мэгдсэн зүйл харагдсангүй. Түүнийг дуулахтай зэрэгцэн үеийн найзууд нь дэмжин алга нижигнүүлж, дагаж дуулна. Тэр найзуудынхаа зурсан зургийн үзэсгэлэнг нээж ийн дуулсан юм.
Дуугаа дуулж дууссаных нь дараа түүнээс их сандарсан уу гэж асуухад “Огт сандраагүй” гэсэн нь хэзээний олны өмнө нүүр хагарсан дуучин миний өмнө зогсож буй мэт санагдаж байснаа хэлье.
Э.Амар хүү есөн настай. Нийслэлийн 70 дугаар тусгай сургуулийн нэгдүгээр ангийн сурагч. Анх сургуульд орохдоо сандарч байсан ч одоо ангийнхандаа дасаад бүр таван найзтай болсон гэсэн. Дэлхий нийтэд үүссэн цар тахлын улмаас нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн хичээлийн үйл ажиллагааг зогсоох болсон нь нэгдүгээр ангийнханд хүндрэл болсон ч Э.Амар үсгээ бүгдийг нь дуусгаж, холбож уншиж зуны гурван сарыг үр бүтээлтэй өнгөрөөж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр “Би том болоод цагдаа болно гэж боддог.
Үүний тулд хичээлээ сайн хийх ёстой учраас өдөр бүр хичээж байгаа. Цагдаа болоод хүүхдүүдэд тусалдаг, хамгаалдаг болно” гэв.
Ийн бид хэсэг яриа өрнүүлсний дараа Э.Амар хүү бусад найзуудын хамт бөмбөртэй дуугаар ая барихаар тайз руу дахин гарав. Хүүхдүүд бие бие рүүгээ харж, ёстой л тэндээ эрх дураараа хөгжилдөх мэт бөмбөрдөх нь бөмбөрдөж, дуулах нэг нь дуулна. Тэд бусадтай л адил хүүхдүүд. Харин жирийн хүүхдүүдийг бодвол хорвоог илүү тунгалгаар бодож, хүсэж тэмүүлдэг байж мэднэ.
“Хүүхдүүд улирал бүр хөтөлбөрт хамрагддаг”
Хүүхдүүд байгаль дэлхий, дуртай амьтан, цэцэг гээд бүр сургууль руугаа цүнхээ үүрээд алхаж яваа хүүхдийн зураг зуржээ. Төсөл санаачлагч хүүхдүүд болон тус төсвийн багш нар хүүхдүүдтэй хоёр хоногийн турш хамт хөгжилдөж, хамтдаа зурж өнгөрөөсөн гэсэн.
Ихэнх нь өнгө алаглуулан зурсныг ажвал зургаа үзүүштэй болгох гэснээс гадна хөтөлбөрийн гол зорилго өнгө ялгаж, дүрс зурж сурахын тулд их хичээж, бэлтгэл хийсэн нь харагдана.
Учир нь өнгө, дүрс ялгаж чадахгүй хүүхдүүд маш олон байдаг гэсэн. Эдгээр хүүхдэд зааж сургахын тулд улиралд нэг удаа 10 хоногоор хөтөлбөрт хамруулдаг юм байна лээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Сарантуяа “Манай төв нь улсын хэмжээнд ганц байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийг хүлээн авч тэднийг сэргээн засах чиглэлээр ажилладаг бөгөөд ингэхдээ улиралд нэг удаа хүүхдүүдийг таван төрлийн хөтөлбөрөөр сургадаг. Тухайлбал, хөгжим засал, урлаг засал, спорт эмчилгээ, хэл яриа засал, танин мэдэхүйн заслаас хүүхэд өөрт шаардлагатай, дутагдалтай байгаа нэг хөтөлбөрийг сонгож хамрагддаг” гэлээ.
Төвийн урлаг заслын багш Г.Ундармаа “Манай төвд дүрс ч мэдэхгүй хүүхдүүд олон ирдэг.
Сүүлийн үед хөдөө орон нутгаас ирэх хүүхдүүдийн тоо ч эрс өсөж байгаа. Тиймээс урлаг заслын хичээлийн гол онцлог нь тэдний танин мэдэхүйг хөгжүүлэх, гарын жижиг булчинг ажиллуулах, ой тогтоолтыг сайжруулдаг” гэдгийг онцолж байлаа.
Уг ажлын гол онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой. Сурагчид санаачилж нийгэмд хэрэгтэй төсөл хэрэгжүүлж, өөрсдийн хувь нэмрээ оруулж буйгаараа онцлог бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, дэмжихэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг харуулсан эерэг мессеж юм.
“Улаанбаатар Эмпати” сургуулийн сурагчид хөл хорионы хугацаанд нийгэм рүү чиглэсэн дөрвөн төсөл хэрэгжүүлжээ”
Хөл хорионы үеэр “Улаанбаатар Эмпати” сургуулийн сурагчид байгаль орчин руу чиглэсэн, мэргэжил сонголттой холбоотой зөвлөгөө өгсөн, хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг чиглэсэн дөрвөн төсөл санаачлан хэрэгжүүлжээ. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих төсөл. Хөтөлбөр амжилттай зохион байгуулсан найзуудаа дэмжихээр сургуулийн анги хамт олон нь хүрэлцэн ирж, нөхдийнхөө хийсэн ажилтай танилцаж, зургийн үзэсгэлэнг сонирхсон юм. “Энийг хардаа. Энэ их гоё санаа байна” гээд л хоёр гурваараа үзэсгэлэнг тойрно. Тэгснээ уртаас урт яриа өрнүүлж, “Хичээл ч орох боллоо шүү тэ” хэмээн догдолсон сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа нь илт.
Түүнчлэн хүүхдүүд найз нөхдөө уриалан төсөлд оролцуулжээ. Монгол, Оросын хамтарсан сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Түвшинзаяа найзынхаа тавьсан саналын дагуу аянд оролцож байгаа гэсэн юм. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дотоод ертөнцөөр аялах сонирхолтой байсан. Хүүхдүүд сэтгэлээсээ хандаж, хийж бүтээж байсан нь сайхан санагдсан. Энэ зуныг янз бүрийн төсөл хөтөлбөрт, аянд нэгдэж өнгөрүүлж байна” гэв.
Сургуулийн захирал Б.Тамир “Хөл хорио тогтоож эхэлснээс хойш бид онлайнаар хүүхдүүддээ хичээлээ орж эхэлсэн. Бид Microsoft office 365 гэсэн программуудыг бүгдийг нь зохиогчийн эрхтэй ажилладаг. Энд сургалтын үйл ажиллагаанд ашиглаж болох програм байдаг юм. Уг программыг ашиглан хичээлээ агуулгынх нь дагуу явуулж чадсан. Их үр бүтээлтэй хичээл болсон гэж үзэж байна.
Мөн хичээлд оролцож байгаа хүүхдүүдийнхээ ирцийг авч чаддаг нь давуу тал болж байсан. Тухайлбал, сургуулийн зүгээс сурагч математекийн хичээлээс 10 минут хоцорсон бол ээж аав руу нь мэдээллийг нь хүргэдэг. Сургуулийн ирц 85 хувийн үзүүлэлттэй байсан. Нэгдүгээр ангийн хүүхдүүд уншиж, бичиж сурцгаасан. Эцэг эхчүүдийн хувьд ч маш том шалгуур байсан ч амжилттай даваад гарсан. Эцэг эхчүүдээс судалгаа авахад онлайн хичээл танхимынх шиг байж чадахгүй ч 88 хувийн сэтгэл хангалуун байна гэж хариулсан” гэлээ.
Ташрамд дурдахад, “Улаанбаатар Эмпати” сургуулийн ихэнх ангиуд дүүрчээ. Нэгдүгээр ангийнбүртгэл дууссан гэсэн. Тус сургуульд суралцсанаар “Harward”-ийн их сургуулийг амлахгүй ч гаднын хүссэн сургуульдаа суралцах боломж, ур чадварыг эзэмшинэ гэдгийг сургуулийн захирал онцолж байлаа.
Хүүхдүүд хөл хорионы хугацааг ийн үр бүтээлтэй өнгөрүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүмүүсийн нийгмийн харилцааг дэмжих, эерэг нөлөөлөл түгээсэн уг ажил цаашид олон хүнийг хамраасай гэж хүсээд сурвалжлагаа өндөрлүүлье.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)