Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд амжилттай оролцон анхны алтан медалийг хүртсэн Монгол балетчин СТА М.Тэлмэнтэй ярилцсанаа хүргэе.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Таныг Нью Йорк хотод байрлах жилийн 60 мянган ам.долларын төлбөртэй “Joffrey Ballet” сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцаж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхэлье?
-Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Сургууль Нью Йоркт болохоор сургуультайгаа ойрхон байх үүднээс энэ хотод амьдарч байгаа. Өглөө 8.30 цагаас хичээл эхэлдэг юм. Өдөр бүр маш их ачаалалтай байдаг. Ар араасаа хичээлүүд цуварч ороод л өдөр дуусдаг гэхэд болно.
-Таны хувьд суралцахынхаа хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?
-Амьдралын минь ихэнх цаг балетын бэлтгэлд зарцуулагддаг. Үүнийхээ хажуугаар фитнессээр хичээллэж байгаа. Мөн ном уншдаг болоод удаж байна. Өнгөрсөн үеэ бодвол өөрийгөө олон талаар хөгжүүлэхийг хичээж байна. Супер хүн болохгүй ч гэсэн ойртохыг хүсч байна. Сонирхуулахад, удахгүй YouTube сувгаа ашиглаж контентуудаа гаргана. Миний контент Vlog with Telmen нэрээр гарна. Залуусаа зочилж үзээрэй гэж хүсье.
-Хийх зүйлсээ хэрхэн төлөвлөдөг вэ. Цагийн менежментээсээ манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Хийх зүйлийнхээ жагсаалтыг утсандаа дээрээ тэмдэглээд сануулчихдаг юм. Тэгэхгүй бол олон зүйлийн дунд хааяа мартах тохиолдол бий. Балетынхаа бэлтгэлийг дуусгачихвал дараагийн төлөвлөсөн зүйл рүүгээ ордог. Мөн зарим өдөр нь өөртөө чөлөө гаргаж найзуудтайгаа уулзах, гэрийнхэн рүүгээ видео дуудлага хийдэг.
-Ойрын үед томоохон тэмцээн уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа юу?
-Энэ онд “Varna” олон улсын тэмцээнд орохоор бэлдэж байсан юм. Гэвч тэмцээн цуцлагдчихсан. Одоогоор өөр орохоор төлөвлөсөн тэмцээн байхгүй.
-Тэмцээн нь яагаад цуцлагдсан юм бол. COVID 19 вирусний халдвартай холбоотой юу?
-Шалтгааныг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд амны хаалт байнга зүүж, гараа тогтмол ариутгаж байна. Харин сургууль, албан байгууллагууд ариутгалыг сайтар хийж байгаа харагдсан.
-Мөрөөдлийг уултай зүйрлэвэл та мөрөөдлийнхөө хаана нь зогсож байна вэ. Ер нь хэр мөрөөдөмтгий вэ?
-Уулаар зүйрлэвэл өөрийгөө бэлд нь биш ч, дээшээ оргилд гарах зорилготой мацаж байгаа залуу уулчны дүрээр өөрийгөө харж байна. Байнга мөрөөддөг гэхээсээ илүүтэй аливаа зүйлийг толгойдоо болж байгаа мэтээр төсөөлөн бодох дуртай. Төсөөлж, мөрөөдөхдөө том зүйлийг хүсдэг. Учир нь жижигхэн мөрөөдвөл жижиг газар л бууна. Харин томоохон мөрөөдвөл том газар л бууна гэж боддог. Энэ нь ч надад маш их тусалж, итгэл өгдөг.
-Сүүлийн үед залуус цахим байдлаар мэдээллийг түргэн шуурхай авдаг болсон. Таны хувьд мэдээллийг хэрхэн шүүж, тунгаадаг вэ?
-Та миний ярихыг хүсдэг сэдвийг хөндлөө. Манайхан залуус гэлтгүй, дийлэнх нь аливаа зүйл ул суурьтай хандаж, сонссон болгондоо итгэлгүй, эх сурвалжийг нь байнга шалгадаг байгаасай гэж хүсдэг. Өглөө сэрээд хамгийн эхэнд хийдэг зүйлийн минь нэг бол Монголд болон гадаадад болж үйл явдлын мэдээнүүдийг шалгаж хардаг. Сонирхол татсан мэдээ байвал уншдаг.
- Амжилт гэж юу вэ. Бусдадаа хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүсэж мөрөөдөж байсан зүйлийнхээ нэг захаас багахан ч гэсэн зулгаахыг хувийн амжилт гэх болов уу. Монголд маш олон амжилттай яваа залуус бий. Тиймээс тэдний нэг болохын тулд залуучууд дор бүрнээ хийх ёстой зүйлээ тултал нь хийгээсэй гэж хүсч байна. Мөн өөрийгөө хөгжүүлж, цэнэглэн, шинэ хэл сурч, эрүүл хэв маягаар амьдарч, спортоор хичээллэх гэх мэт зүйлсийг хийвэл амжилт өөрөө бонусанд нь ирнэ гэж итгэдэг.
-Та амьдралын үнэ цэнийг юу гэж боддог вэ?
-Амьдарч буй хором бүр үнэ цэнтэй учраас, хүн бүхнийг аз жаргалтай, сайхан амьдраасай гэж хүсч байна.
-Ярилцсанд баярлалаа.
А.Сүх
Сэтгэгдэл (1)