УИХ-ын гишүүн Г.Амартүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Коронавирусийн цар тахлаас үүдэж Монгол гэлтгүй дэлхий даяараа эдийн засаг хүндрэх нь тодорхой болоод байна. Эдийн засгийг дэмжих ямар ажлыг хийвэл үр дүн гарна гэж харж байгаа вэ?
-Цар тахлаас үүдэж агшсан эдийн засгийг дэмжихийн тулд мөнгөний бодлогоо сайжруулах, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нь илүү чухал. Хөрөнгө оруулалтаа сайжруулж, төрийн хүнд суртлыг багасгах хэрэгтэй. Бизнесийн төлөөлөлтэй уулзахад зээлийн хүү өндөр, хүнд суртал их, татварын дарамт өндөр байна гэсэн саналыг хэлсэн. Энэ асуудлаа шийдэж чадвал бизнес эрхэлчид маань ажлаа хийгээд ажлын байрыг нэмэгдүүлээд явна гэдэгт итгэлтэй байгаа.
-Зээлийн хүүг бууруулах ажлыг энэ онд багтаан хийсэн. Хэр боломжтой асуудал бол?
-Өдрийн зээл гэж аймшигтай зүйл байдаг. Үүнийг хуулиар хориглох ёстой. Банкны салбарын шинэчлэл олон шалтгаанаар хурдан хийгдэхгүй. Яаралтай ажлыг нь эхлүүлэх шаардлагатай. Сонгуулийн үеэр ч би гурван зүйл ярьж байна. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоох, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, залуучууд руу чиглэсэн бодлого явуулах шаардлагатай гэж бодож байна.
-Аж ахуйн нэгжийг дэмжихийн тулд банкнаас дэмжлэг авах шаардлагатай гэдэг. Банкуудад тийм боломж байгаа юу?
-Тоон мэдээнээс харахад эх үүсвэр хангалттай байна гэж харагдаж байгаа. Банкууд эрсдэлийн удирдлагынхаа чиглэлийн дагуу шинэ зээл гаргах дээр хойшоо суусан юм шиг харагдаад байна. Тиймээс банкны салбарын төлөөлөл, Монголбанкныхантай уулзаж байгаад шийдэл олгох шаардлагатай.
-Валютын нөөцөө нэмэгдүүлэх ямар боломж байгаа вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүний таваарын үнэ өндөр байна. Хятад нүүрсээ Австралиас авахаа болиод манайхаас авахаар болсон нь бидэнд маш их боломж. Экспортоо дэмжсэн бодлого явуулах нь бидний хувьд номер нэг асуудал.
-Оны төгөсгөлд төсвийн алдагдлаа нөхөх боломж байгаа юу?
-Үүнийг би сайн хэлж мэдэхгүй байна. Өөрөө харж, нөхцөл байдалтай танилцаагүй байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (7)