УИХ-ын гишүүн Н.Ганибалаас зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Зарим эдийн засаг болон гишүүдийн зүгээс төсвийн тодотгол яаралтай хийх шаардлагатай гэдгийг хэлж байна. Сөрөг хүчний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатайг эдийн засгийн үзүүлэлтүүд хэлж байна. төсвийн орлого тал тасалдаж байна. Тиймээс нэн яаралтай хийх шаардлагатай.
-Банкны салбарын шинэчлэл дээр АН-аас ямар байр суурьтай байгаа вэ?
-Банкны салбар дээр зайлшгүй хийгдэх ёстой хэд хэдэн зүйл байна. Өнөөдөр эдийн засгийн хөгжлийн тушаа бол өндөр хүүтэй зээл байдаг. Нэн ялангуяа Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн авч байгаа зээл үйл ажиллагаа өргөтгөх боломжийг хангахгүй байна. Олж байгаа мөнгө нь шаардлагатай зүйлд зарцуулагдах биш хүүнд өгч байгаа нь Монгол Улсын бүхий л салбар дээр гарч байгаа хүндрэл юм.
-Ерөнхий сайд зээлийн хүүг сарын нэг хувийн хүүтэй болгож бууруулахаар үе шаттай ажил хийнэ гэж хэлсэн. Сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байна вэ. Ийм байх боломжтой юу?
-Зээлийн хүүг сарын нэг хувь болгож бууруулахын төлөө бүгд гар нийлэн хамтран ажиллах ёстой. Учир нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хувийн аж ахуйн нэгжийн зээл маш өндөр. Мөн малчдын зээл гэхэд л жилийн 21.6 хувийн хүүтэй байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр жилд 24 хувийн зээл авч байна. Эндээс үзвэл банкны салбарт зайлшгүй реформ хийж байж Монгол Улсад бизнес болон арилжааны бусад бүх зүйл хөгжинө.
-УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдын дэвшүүлсэн зорилттой хамтарч ажиллана гэж ойлгох уу?
-Дээрх асуудлыг хэрхэн орж ирэхийг харж байж бүлгээрээ шийднэ. Зээлийн хүүг бууруулахын тулд хувь гишүүнийхээ хувьд дэмжинэ.
-Эрх баригч намаас сөрөг хүчинтэй хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ. АН хүчтэй сөрөг хүчин байхын тулд яаж ажиллах вэ?
-Хүчтэй сөрөг хүчин байхын тулд бодлогоо мэддэг байх хэрэгтэй. Бодлогоо мэдэж байж өнөөдөр эрх баригч нарын барьж байгаа бодлого зөв буруу гэдгийг шүүн тунгааж, засаж залруулах үүрэгтэй. Өөрсдийнхөө эрх ашгийг төрийн бодлого болгохоос сэргийлэх ёстой. Ийм үндсэн үүрэгтэй ажиллана.
-Намын даргаа хэзээ сонгох вэ?
-Намын даргыг сонгох асуудал намын дүрмийн дагуу явж байгаа байх. Энэ талаар мэдээлэлгүй байна.
-Таны сонгогдсон Сүхбаатар аймгийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Сүхбаатар аймгийн хүн амын 60 орчим хувийг малчин өрх эзэлдэг. 80 орчим хувь нь мал аж ахуйгаас шууд хамааралтай. Тиймээс өнөөдөр тулгамдаж байгаа чухал асуудал нь малчдын орлого, мал аж ахуйн түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, өсгөж байж хөгжил цаашаа явах юм. Малчид худалдан авах чадвартай болсноор цаашлаад Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө. Мөн үүнийг дагаад мөнгөний эргэлт сайжрах ёстой. Сүхбаатар аймгийн хүн ам ихтэй дөрвөн сум ноолуураа Засгийн газартай гэрээ байгуулсан компаниудад өгсөн. Харамсалтай нь өрхүүд гэрээнд заагдсан мөнгөө олж авч чадаагүй. 2000 орчим өрх нэг төгрөг ч олж авч чадаагүй байна. Энэ нь өнгөрсөн Засгийн газрын бодлого буруу байсны илрэл гэж үзэж болно.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)