УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч үг хэлсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн санал хураалтын үр дүнгийн талаар танилцуулсан юм. Үүний дараа сонгуулийн санал хураалтын үр дүнгийн асуудлаар зарим гишүүд асуулт асууж, СЕХ-ноос хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Сонгуулийн санал хураалт будлиантай болсон гэдэг асуудал үүссэн. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Хуулиар тагнуул, цагдаагийн байгууллага зөрчилтэй холбоотой асуудлыг шалгах ёстой. Энэ дагуу процесс үргэлжилсэн.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Бид анхнаасаа зөв хандах ёстой. Та миний асуудлыг ойлгосонгүй. Сонгууль будлиантай боллоо гэдэг асуудал үүссэн. Нэр бүхий нэр дэвшигчид хэвлэлийн хурал хийсэн. Үүний дараа нь хяналтын тооллого хийсэн. Энэ талаар танилцуулгадаа яагаад дурдсангүй вэ?
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Сонгуулийн санал хураалттай холбоотой гомдол ирсэн. Энэ тухай бүрт нь СЕХ-ноос арга хэмжээ авсан. Хуулиар нийт санал хураалтын үр дүнгийн 50 хувьд нь дахин тооллого хийсэн. Ямар нэг зөрчил илрээгүй. Бие даагч болон нам, эвслийн ажиглагч нар байлцсан. Хяналтын тооллогын тайланг тэд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Ерөнхийлөгч гомдол гаргасны дагуу СЕХ-нд үүрэг өгсөн. Энэ дагуу нэмэлт тооллого хийсэн. Нийт 645 ажиглагч оролцсон. Тайланг бүгд хүлээн зөвшөөрсөн. Нийт 48.8 хувьд нь хяналтын тооллого хийсэн.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ард түмний элч болж ирсэн бүх гишүүддээ амжилт хүсье. Би ялалт байгуулсан ч гэлээ шударгаар ялалт байгуулах ёстой байсан хүмүүсийн өмнөөс үг хэлье. Сонгууль шударга болсонгүй. Уулзалтад оролцоод шууд зугтаадаг байлаа. Цагдаа, тагнуул арай байлаа. Энэ янзаараа байвал бузар булайгаас салах ёстой. СЕХ хариуцлага хүлээх ёстой. Тэгэхгүй бол шударга бус зүйл дахиад давтагдана. Би эмнэлгээр орж дэмжихийг хүссэн. Гэтэл яаж байгаа юм бэ. Энэ янзаараа байвал байраа барьцаанд тавиад ч болов Монгол Улсын төлөө зүтгэх гэж яваа залуус энд орж ирж чадахгүй. Тиймээс ажлын хэсэг байгуулж энэ асуудлыг шалгахыг хүсэж байна” гэлээ.
Үүний дараа УИХ-ын гишүүдийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. УИХ-ын дэгийн тухай хуулиар хамгийн ахмад гишүүн тангараг өргөх учиртай. Энэ дагуу Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан гишүүний тангарагаа өргөлөө. Үүний дараа гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар УИХ-ын гишүүний тангарагаа өргөж байна.
Г.Маргад
Сэтгэгдэл (3)