УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэхээ энэ сарын 29-нд буюу өчигдөр гардаж авсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагаас товлосон юм. Энэ дагуу чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга “УИХ-ын эрхэм гишүүд ээ, найм дахь удаагийн сонгуулиар сонгогчдын итгэл авч сонгогдсонд баярт хүргэж амжилт хүсье. Улс орны маань өмнө нийгмийн эдийн засгийн хүнд асуудал хүлээгдэж байна. Зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай үед та бүхэн хууль тогтоогч боллоо. Ард олны итгэлийг авсан тул ёс зүйтэй байж, иргэдийнхээ боломжийг ашиглаж хулгайлах бус иргэддээ илүү их боломж олгохын төлөө ажиллахыг хүсье.
Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас их хэмжээгээр авсан, увайгүй үйлдэл гарсан. Хүний амь хөнөөсөн, лиценз өөртөө авсан зэрэг хэрэгт нэр холбогдож, ард иргэдийн итгэлийг алдах тохиолдол удаа дараа гарсан.
Өөртөө болон бусдад давуу байдал олгосон баримт нь байхад хариуцлага хүлээлгэх ёстой.
Өмнөх парламентад сонгогдож байсан гишүүд 1170 тендер авсан нь тогтоогдсон.
Нэг гишүүн 1-46 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад бусдад шилжүүлсэн байна. Өнгөсрөн парламентад 18 тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гишүүн хүртэл байна.
Парламентийн гишүүдийн авсан тусгай зөвшөөрлийг хуваавал нэг гишүүнд дунджаар 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байна.
Ийм зарчимгүй, ёс зүйгүй явдал та бүхнээс гарах ёсгүй. Та бүхэн ард түмэнд үйлчлэх ёстой болохоос биш өөрийн эд хөрөнгө арвижуулах учиргүй шүү. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан зургаан нэр дэвшигчийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорилоо. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо ямар ч тайлбар хийсэнгүй. Эн ч үүднээс огцрох шаардлага үүслээ. Сүүлийн жилүүдэд тус хорооны бүрэлдэхүүн огт өөрчлөгдөөгүй байгаа нь “Надад хэн хэлэх вэ” гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа нь харагдлаа. Тиймээс СЕХ-ны удирдлагууд яаралтай өргөдлөө өгч огцрохыг би шаардаж байна” гэлээ.
АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
УИХ-ын тухай хууль:
- 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
- 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
- 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
- 14.3.4. Ерөнхий сайдыг томилох
- 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
- 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
- 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
- 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
- 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
Г.Нацаг
Сэтгэгдэл (6)