УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэхээ энэ сарын 29-нд буюу өчигдөр гардаж авсан билээ. Хуульд зааснаар сонгуулийн санал хураалтын үр дүн гарснаас хойш 30 хоногт багтан Ерөнхийлөгч Х.Баттулга анхдугаар чуулганыг товлож, зарлиг гаргах ёстой.
Тэгвэл тэрбээр УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагаас товлосон байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ.
Ингэснээр өнөөдрийн чуулганыг Ерөнхийлөгч нээж, үг хэлэх бол дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн үр дүнг танилцуулах юм. Үүний дараа УИХ-ын хамгийн ахмад гишүүн нь үг хэлдэг уламжлалтай. Энэ удаагийн парламентад Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан гишүүн үг хэлнэ.
Анхдугаар чуулганд УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан 76 хүн хүрэлцэн ирэх ёстой. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах бол УИХ-ын даргыг томилно.
АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
УИХ-ын тухай хууль:
- 14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
- 14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
- 14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
- 14.3.4. Ерөнхий сайдыг томилох
- 14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
- 14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
- 14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
- 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
- 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
Ташрамд дурдахад, Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахаар 11.00 цагаас цаг авсан байна.
Г.Маргад