УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон зарим аймгийн Засаг дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Хуульд зааснаар Засаг дарга парламентын гишүүнээр сонгогдсон тохиолдолд төрийн албыг хавсран гүйцэтгэх боломжгүй. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, УИХ-ын гишүүний тангараг өргөхөөс өмнө зарим аймгийн Засаг даргыг чөлөөлөхөөр болж байна.
Ерөнхий сайдын захирамжаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нарыг чөлөөлнө. Харин нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы тушаалаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирыг чөлөөлөхөөр болж байгаа юм.
Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар ирэх аравдугаар сар хүртэл одоогийн аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-аас Засаг дарга нарыг санал болгож, Ерөнхий сайд болон хотын дарга батламжлах юм.
С.Сүлд