Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д АН-аас сонгогдсон 11 хүнийг хүлээн авч уулзжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуульд ялалт байгуулсан 75 хүнд УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулж өгснөөс хэдхэн цагийн уг уулзалт болсон хэрэг. Нөгөөтэйгүүр, Анхдугаар чуулганыг товлон хуралдуулж, тэдгээр 11 гишүүний бүрэн эрхийг ёсчлоогүй мөртлөө түүнээс урьтаж, өрөөндөө дуудан уулзсан нь Ерөнхийлөгчийн дараагийн нүүдлийг харуулах мэт.
Уулзалтаар иргэдээс хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллахыг Ерөнхийлөгчийн зүгээс захиж, өмнөх парламент үед АН-д үүссэн талцал, хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилга баттай, Бүлгийн хэмжээнд нэг хүн шиг ажиллах ёстойг анхааруулсан байна.
Хамгийн гол нь, 11 гишүүнтэйгээр ирэх дөрвөн жилд ажиллахаар болсон тэдэнд хөдөө аж ахуй, уул уурхайн асуудлыг бүрэн эрхийнхээ хугацаанд байнга анхаарахыг Ерөнхийлөгч аминчлан захиж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Ил болсон нь эдгээр мэдээлэл боловч Ерөнхийлөгч Х.Баттулгын албан өрөөнд өөр нэгэн сэдэл өрнөсөн нь шинээр тангараг өргөж, үйл ажиллагаагаа эхлүүлэх парламентад Бүлгийн болон УИХ-ын дэд даргад хэнийг нэр дэвшүүлж, томилуулах тухай яриа байсан бололтой.
Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гаруулсан АН-ын 11 эрхэмд Ц.Туваан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар багтдаг. Үүнээс АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ хариуцлага хүлээхээ мэдэгдэж Ц.Туваанд албан тушаалаа түр шилжүүлэн өгөөд байгаа юм.
Харин Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат нараас бусад буюу үлдсэн долоон хүний хувьд анх удаагаа УИХ-д сонгогдож, ажиллахаар болсон эрхмүүд.
Ц.Туваан АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар, Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг даргаар, Н.Ганибал Хөдөө, аж ахуйн яаманд газрын дарга, С.Одонтуяа Баянгол дүүргийн удирдлагын албатай явсныг эс тооцвол бараг бүгдээрээ шинэ хүмүүс. Төрд өндөр албан тушаал хашиж байсан туршлага үгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигаар хуралдуулах Анхдугаар чуулганы үеэр хэнийгээ УИХ дахь Бүлгийн дарга, парламентын спикерийн орлогчоор томилох нь АН-ын хувьд шинэ сэдэв.
Хуульд зааснаар УИХ-д наймаас дээш суудал авсан нам, эвсэл Бүлэг байгуулах эрхийг эдэлдэг. Харин нам, эвслийн Бүлгээс нэг хүнийг УИХ-ын дэд даргад нэрийг нь дэвшүүлж томилуулдаг.
Үүгээр парламентад 11 суудлыг авсан АН-д Бүлгийн болон УИХ-ын дэд дарга гэсэн албан тушаалд хоёр хүнийг дотроосоо сонгож, томилох зүй ёсны шаардлага тулгараад байгаа юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ дахь АН-ын Бүлгийн даргаар өөрийнхөө төлөөний хүнийг томилуулах хүсэлтэй байгаа гэнэ. Түүний эл үг ёсоор болбол УИХ дахь АН-ын Бүлгийн даргаар Д.Ганбатыг томилох магадлал нь өндөр.
Гэвч сонгуулийн ялагдлын хариуцлага хүлээж, Намын даргын албан тушаалаа өгөхөөр болсон ч АН дахь байр суурь нь хараахан ганхаагүй яваа С.Эрдэнийн зүгээс Ц.Туваан, С.Одонтуяа нарын аль нэгийг Бүлгийн даргад зүтгүүлэх сонирхолтой байгаа аж. Хоёулаа намдаа болон дүүрэгт удирдах албан тушаал хашиж байснаас нь харвал Ц.Туваан, С.Одонтуяа нарт Бүлгээ зангидаад явах туршлага хангалттай бий. Гэхдээ энэ хоёрын алийг нь ч Бүлгийн даргаар томилсон өнөөх л С.Эрдэнэ тодрох учраас тийм ч ач холбогдол өгөхгүй байгаа гэх.
Үүгээр зогсохгүй АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж АН-ын Бүлгийн дарга болж чадахгүй тохиолдолд УИХ-ын спикерийн орлогчоор очих хүсэлтэй буйгаа илэрхийлсэн гэнэ.
УИХ-д хоёр удаагаа сонгогдсон, өмнөх парламентад эрх баригчдад харьцангуй шүүмжлэлтэй байр сууриас хандаж ирсэн түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн төлөөний хүн гэх нь бий. Оргүй гэхээсээ ханатай л яриа.
Энднээс харахад, 2016 оны сонгуулийн ялагдлаа ахиулж, суудлаа хоёроор нэмсэн АН-ын парламентад хийх анхны томилгоонд Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцоо их байх нь.
УИХ-ын сонгуульд төрөлх Баянгол дүүрэгтээ өвдөг шороодоод зогсохгүй намаа ялагдуулсан С.Эрдэнэ ч Ц.Туваан, С.Одонтуяа нараар дамжуулан УИХ дахь байр сууриа хадгалахаар зүтгэх нь.
Гагцхүү УИХ дахь АН-ын томилгоонд Ерөнхийлөгчийн оролцоо их байх нь уу?, эсвэл С.Эрдэнийн байр суурь хэвээрээ үлдэх үү, Ц.Элбэгдорж хөндлөнгөөс гар дүрэх үү гэдгийг ирэх өдрүүдэд өрнөх улс төр харуулах нь тодорхой болно.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (22)