УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөртэй нь холбоотой цахим сүлжээнд цацагдсан асуудалтай холбогдуулан тайлбар өглөө. Тэрбээр "2016 онд С.Баярцогт гишүүнийг яг ийм тавилттай жүжгээр гүтгэж байсан. Та бүхний мэдэж байгаачлан цэнхэр үст Цэрэн мэтийн нөхдүүд зохион байгуулалттай ажил явууллаа.
Ийм юм ярьж байгаад харамсаж байна. Мөн өнгөрсөн үед хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан зарим нэг хүний оролцоотой хийлээ. Миний хувьд ямар нэгэн байдлаар хууль бус юм хийсэн зүйл байхгүй. 2016 онроос хойш Швейцарийн прокурорт шалгагдсан. Өөрөөр хэлбэл, дэлхийгээр шалгуулчихаад байхад өөр яг юу хүсээд байгаа юм бэ.
Өмнө нь С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхэж байсан. Би мэднэ.
Өчигдрийн лайвыг нь үзлээ. Монголд хийж бүтээж байгаа нэгнээ гутаагддаг юм байна. Намайг олон улсын гэмт хэрэгт холбоотой мэтээр ярьсан учраас шалгуулна. Мөн Швейцарийн сэтгүүлчийг шалгуулахаар шүүхэд өгсөн. Би 2004 онд уул уурхайн бизнест ороход С.Баярцогт хэн ч биш байсан. Гудамжинд байсан хүнтэй би яаж хуйвалдаан хийх юм бэ" гэлээ.
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.
-Гаднын байгууллага шалгаж байгаа зүйл бий юү. С.Баярцогтын дансанд мөнгө хийсэн асуудал яригдаж байна лээ?
-Гаднын байгууллага шалгасан бичиг байна. 2019 онд таны дансыг цуцаллаа гэсэн бичиг тус улсын прокурорын газраас ирсэн. 2016 онд таны хөрөнгө орлогын мэдүүлэгт байсан "Болд төмөр Ерөө гол" компанийн хувь 2018 оноос хойш тусгагдаагүй байна.1.5 сая ам.доллараар зарсан гэсэн зүйл ярьсан байна. Тийм зүйл байхгүй. Монгол Улс хууль дүрэмтэй. Төрд сонгогдон ажиллахаасаа өмнө 25 жил бизнес хийсэн. "Болд төмөр Ерөө гол" компани хөрөнгийн зах зээл дээр гараагүй. 51 хувийг хятадын компани эзэмшдэг. Монгол талыг Чулуун гэдэг хүн рүү шилжүүлсэн.
-Таныг хятадуудад газар зарсан гэсэн асуудал яригдсан. Энэ үнэн үү?
-Дорноговь аймагт хятадуудад газар өгсөн асуудал байхгүй. Би газар өгдөг эрх бүхий хүн биш.
-Таныг С.Баярцогтод мөнгө зээлүүлсэн асуудал яригддаг. Эна талаар тайлбар өгөхгүй юү?
-Би С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Тэр хагас жилийн дотор буцааж өгсөн.
Б.Лхам
Сэтгэгдэл (10)