УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардаж авах билээ. Үүнээс урьтаж сонгуулийн үр дүнд булхай орсон гэдэг шалтгаанаар санал хураалтын хуудсыг дахин тоолох хүсэлтийг нэр бүхий бие даагч, нам, эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад уламжилсан юм.
Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзах үеэрээ санал хураалтын хуудсыг дахин тоолох, үүнд хууль хүчний байгууллагаас хатуу хяналт тавин ажиллах чиглэл өгсөн юм.
Тиймээс өнгөрсөн долоо хоногт зарим тойргуудад хяналтын тооллого хийсэн билээ. Тэгвэл уг асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хуулиар тойргуудын 50 хүртэлх хувьд нь хяналтын тооллого хийх боломж бий. Гомдол гаргасан тойргуудад энэ сарын 27, 28-нд хяналтын тооллого хийлээ.
Нийслэлийн зургаан тойрог, мөн Дархан-Уул, Дорнод, Өмнөговь аймгийн таван тойрогт нэр дэвшсэн иргэд гомдол гаргасан. Үүнд нийт 161 хэсэгт хяналтын тооллого хийхэд төрийн 2447 алба хаагч ажилласан. Мөн нам, эвлийн 645 ажиглагч оролцож, хяналт тавьсан. Нийт 71.3 сая төгрөгийн зардал гарсан. Саналын хуудсын дугаарлалтад ямар нэг хууль бус зөрчил илрээгүй гэдгийг тойргуудаас Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдлээ.
Хяналтын тооллогын үеэр бие даагч болон нам, эвслийн ажиглагчид ямар нэг хууль бус зүйл гараагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан" гэсэн юм.
Тэгвэл яг одоо УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчид түр үнэмлэхээ гардаж авч байна. Уг арга хэмжээний дараа нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барьж, анхдугаар чуулганыг зарлах юм.
Сэтгэгдэл (7)