УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт булхайтай болсон байж болзошгүй асуудлаар зарим бие даагч болон нам, эвслээс Ерөнхийлөгчид саналын хуудсыг дахин тоолох хүсэлт гаргасан билээ. Энэ дагуу тойргуудын санал хураалтыг нягталж дахин тоолж байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн долдугаар тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороо болон Өмнөговь, Өвөрхангайд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Тодруулбал, Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлсний дагуу хяналтын тооллого үргэлжилж байна.
Өмнө нь улсын хэмжээний 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийсэн тухай эцсийн мэдээгээ ирүүлсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод дурдсан.
Нэмэлтээр 161 хэсгийн хороонд хяналтын тооллого хийх бөгөөд цагдаа, тагнуул, Сонгуулийн ерөнхий хороо, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагын 1000 орчим алба хаагчид ажиллаж байна.
Сэтгэгдэл (20)