УИХ-ын ээлжит сонгуульд Өмнөговь аймагт нэр дэвшиж буй зарим нэр дэвшигчид хууль зөрчсөн байж болзошгүй талаарх гомдлыг нэр бүхий иргэд гаргажээ.
Энэ талаар тус аймгийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ж.Сүх-Эрдэнэ “Энэ сарын 23-наас эхлэн өргөдөл, гомдол тасралтгүй ирж байна. Жишээлбэл, АН-аас нэр дэвшиж буй нэр дэвшигч хууль зөрчсөн үйлдэл гаргалаа гэсэн гомдол ирсэн. Иргэдийн зүгээс хуулиа дээдэлж, мөрддөж байна. Гэтэл зарим нэр дэвшигчид мөнгө тараах, элдэв амлалт өгч байна гэж гомдол гаргасан.
Хэрвээ үнэхээр үнэн бол цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөсөн.
Зөвхөн АН биш бусад намуудад холбогдуулсан гомдол мөн ирсэн. Сонгуулийн хороонд ирсэн бүх өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллагад өгнө. Хэрвээ нотлогдох юм бол нэр дэвшигчийн нэрсийг эгүүлэн татах хэмжээний арга хэмжээ авна.
Аймгийн хэмжээнд нийт 16 нэр дэвшигч өрсөлдөж байна. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг сонгуулийн дүн гарахад хэдхэн цаг үлдсэн байхад хууль бус зүйл хийхгүй байх, ийм зүйл ажиглагдвал таслан зогсоох нь зүйтэй” гэлээ.