Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын энэ удаагийн сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн буй бөгөөд ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн VIII хэсгийн санал авах байранд очиж саналаа өглөө.
Тэрбээр саналаа өгсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
"Өнөөдөр монголчуудын баярын өдөр. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна. Хэдийгээр дэлхий нийтэд цар тахал дэгдэж, ард иргэдийн амьдрал хүнд байгаа ч парламентийн сонгуулиа олон улс орнууд амжилттай зохион байгуулж байна. Монгол Улс ч гэсэнэ УИХ-ын сонгуулиа цаг тухайд нь зохион байгуулж, иргэдийн эрхийг хангах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд сонгууль болж байна. Ард иргэд идэвхтэй оролцож байна. Залуус идэвхтэй оролцож байна. Шинэ мянганы хүүхдүүд анхны сонгуулиа өгч байгаагаараа онцлоготой сонгууль болж байна.
Монголын ард түмэн шударга нийгэмд амьдрахыг хүсэж байна. Тиймдээ ч шударга нийгэм байгуулах сонгууль болж байна. Монголынхоо ард түмэнд сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна. Нэр дэвшигчиддээ, тэр дундаа бие даагч нартаа амжилт хүсье" гэлээ.
-Та нийт хэдэн удаа сонгууль өгч байна вэ?
-Би найман удаагийн сонгуулиас долоод нь саналаа өгсөн. Нэгэнд нь оролцож чадаагүй.
-Сонгуулийн үр дүнгээс хамаарч гашуун түүх болж байсан. Сонгуулийн дүнг иргэд хүлээн зөвшөөрнө гэж бодож байна уу. Шударга болж чадах болов уу?
-Шударга болох ёстой. Ард түмний зүрх сэтгэлд үймээн самуун дэгдээх хүсэл, эрмэлзэл байхгүй гэдэгт итгэлтэй байна. Долдугаар сарын 1-ний өдрийн гашуун түүхийг хүн бүр мэднэ. Таван сайхан залуугийн амь нас эрсэдсэн. Энэ гашуун түүхийг хэн ч давтахыг хүсэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Ард түмэн сонголтоо хийсэн.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн спорт зааланд байрлаж буй УИХ-ын сонгуулийн Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн VIII хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө. Гэхдээ чухам хэдэн цагт саналаа өгөх нь одоогоор тодорхой бус байна.
Харин Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: УИХ-ын III тойрог буюу Баянхонгор аймагт саналаа өгөх аж.
Г.Нацаг
Сэтгэгдэл (10)