УОК-ын шийдвэрийн дагуу гадаад дахь иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилсээр байна. Өмнөх татан авалтаар ирсэн иргэд тусгаарлах байрны хоол голсон, утаат тамхи, согтууруулах ундаа нууцаар оруулахыг завдсан гээд олон зөрчил гаргаж, хэл ам дагуулж байв.
Тэгвэл цагтаа парламентийн гишүүнээр сонгогдож, хамгийн хүчтэй бас тэнэгдүү гишүүнээр тодорч явсан Л.Гүндалай Тайландаас Монголдоо ирж, тусгаарлах байранд оров уу, үгүй юү виски шимж, "халамцуу" лайв хийсэн байна. Лайв хийхдээ бүр сэржим өргөж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд агсам тавьж, хараасан нь өнгөрөгч амралтын өдрийн гол дуулианаар тодорлоо.
Хэнийг харааж, зүхэж, хэнд агсам тавих нь бидэнд сонин биш. Хамгийн гол тусгаарлах байрны журам зөрчиж, согтууруулах ундаа уусан уу гэдэг нь нийт монголчуудад хамааралтай зүйл.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан билээ.
Уг хуулиар иргэн хүн хорио цээрийн дэглэм мөрдөх, эрүүл мэнд болон аялалын түүхээ үнэн өгүүлэх, тусгаарлалтын дэглэм сахих зэргээр хүлээх үүргийг тодорхой зааж өгсөн. Үүнд мэдээж архи, согтууруулах ундаа уухыг хориглох заалт мөн л хамаарна.
Угтаа бол гаднын улс орноос ирсэн иргэдийн тээшийг 14 хоног тусгаарлаж ариутгасны дараа нэгдсэн шугмаар олгож буй. Харин тусгаарлах байранд орох үед зөвхөн гар тээштэй байх ёстой, үүнд зөвхөн шаардлагатай эд зүйлс хамаарна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байв.
Гэтэл гишүүн асан Л.Гүндалай цүнхэндээ виски нууж оруулаад бүр тэрийгээ сэржим өргөж байгаад уув.
Тэрбээр ийн согтууруулах ундаа уусан нь цар тахлын үед мөрдөх ёстой хууль зөрчсөн үйлдэл болж таарлаа. Ингэснээр дээрх хуульд зааснаар Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх шалтгаанаар өөрийгөө шагнав.
Цагаан дээр хараар бичснээр бол Л.Гүндалайг шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн үгүйг нь тогтоох ёстой болж таарах нь. Хамгийн гол нь түүнийг ямар шалтаг, шалтгааны улмаас Монголд авчрав, үнэхээр УОК-оос тавьсан таван шалгуурыг хангасан уу, үгүй юү гэдэг тун хачирхалтай.
За, аль нь ч бай. Эх орноо гээд зорьж ирсэн тэрбээр Зөрчлийн хуулиар банга хүртэх зүйлээ өөрөө хийснээ үгүйсгэсэнгүй.
Нөгөөтээгүүр, тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд “Ард түмнээ хайрлая” намаас Хөвсгөл аймгийн 14 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа. Гэвч сонгуулийн сурталчилгаа эхлэх үеэр өөрийг нь албаар авчраагүй мэтээр байр сууриа илэрхийлж, ийнхүү лайв хийсэн юм. Тэрбээр Тайландад байх хугацаандаа цахимаар дамжуулж, сонгуулийн сурталчилгаага хийсэн. Энэ нь багагүй хүнд хүрсэн.
Гэтэл эх орондоо ирсэн даруйдаа ийнхүү хуурай агсам тавьж “Би долдугаар сарын 10-нд хорионоос гарна. 21 хоног гэдэг нь хогийн санагдаж байна. Дэлхийн бусад оронд 14 хоног л тусгаарладаг юм билээ. Хөл хориогоо дуусгаад Хөвсгөл далай ээждээ очиж, Ялалтын баяраа тэмдэглэх болно. Намайг нааш нь ирүүлэхгүй гэж бүх юмыг хутган үймүүлсэн гурван нөхөр Хөвсгөлд яваа. Намайг 130 хоног гадаадад байлгалаа. Нутагтаа ирж чадахгүй, сонгуулиа хийж чадахгүй хэцүү байсан.
Монголын төр ёстой хог, зэрлэг. Тэднийг ингэж хаяж болохгүй. Надаас хүнд байдалд байгаа монголчууд тэнд байна.
Тэднийг коронавирустай гэж бодоод байгаа юм уу. Ингэж байвал Монгол Улс хөгжихгүй. Өөрсдийн чинь хамаатан тэнд байсан бол ингэх үү. Би л болж байвал болно гэж боддог энэ сэтгэлгээ монголчуудыг алж байна. Бие биенээ дэмждэггүй. Би Монголд хайртай” гээд уйлсан юм.
Гадаад дахь элэг нэгтнээ хараад өрөвдөж, сэтгэл нь хямарсан байж болно. Гэхдээ тэр бол Монголын парламентийн нэг өнгө, нэг эд, эс нь болж явсан хүн.
Энэ ч утгаараа энэ удаагийн сонгуульд дахин өрсөлдөж байна. Гэтэл цар тахлын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж, сэржим өргөж, лайв хийх нь хэр зохистой үйлдэл бэ. Тэгээд бүр цар тахлын үед шүү.
Тиймээс л Шадар сайд аа, Л.Гүндалай тусгаарлах байрны бүр цаашлаад цар тахлын үед мөрдөх хууль зөрчсөн байна. Түүнд ямар хариуцлага тооцох бэ. Хэдхэн хундага юм, сэтгэл нь хөдлөө биз, зайлуул гээд толгойг нь илэх үү. Эсвэл хууль бол хууль гэж хариуцлага тооцох уу.
Сэтгэгдэл (20)