Өнгөрч буй долоо хоног улс төр, хуулийн салбарын хооронд гал авалцсан үйл явдлаар дүүрэн байлаа. Энэ удаагийн сонгууль түүхэндээ байгаагүй олон бие даагч нэр дэвшсэн бол мөн л хамгийн олон нэр дэвшигчээ цагдан хорьсноороо түүхэнд бичигдэх гэж байна. Нэг үгээр хэлбэл, нэр дэвшигчид хорих ангийг "чимж", экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт Монголын улс төр "баяртай" гэсэн гээд онцлох үйл явдлаар дүүрэн байлаа.
ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МӨРӨӨДӨЛД ШҮҮХ ЦЭГ ТАВИВ
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд тус тус холбогдох шүүх хуралдаан энэ сарын 19-нд болж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон юм. Шүүх талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт, мэтгэлцэх зарчмын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн байна. Хэрвээ шүүхээс Н.Энхбаярын талд шийдвэр гаргасан бол тэрбээр нэр дэвших боломж нэгээр нэмэгдэх байлаа. Гэвч шүүхээс түүнийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа.
Ингэснээр сонгуульд өрсөлдөхийг хүссэн Н.Энхбаярын хүсэлд шүүхээс нэг мөсөн цэг тавив. Хэдий шүүхээс ийм шийдвэр гаргасан ч гэлээ МАХН тэргүүтэй “Та, бидний эвсэл”-ийнхэн бууж өгөхгүй, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
ДАХИН ГУРВАН НЭР ДЭВШИГЧИЙГ ЦАГДАН ХОРИЛОО
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нар холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хуралдаанаар өмгөөлөгчдийн зүгээс шинжээчийн дүгнэлт үйлдсэн хоёр шинжээчийг зайлшгүй оролцуулах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг зургадугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм.
Харин шүүгдэгч С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг дараагийн шүүх хуралдааныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан нь гал дээр тос нэмэхтэй зүйл боллоо. Учир нь цагдан хориигдохоор болсон С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Д.Ганболд Хөвгөл аймагт, Б.Бямбасайхан Дарханд тус тус нэр дэвшиж байгаа юм. Өмнө нь шүүхийн шийдвэрээр нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт нарыг 461 дүгээр хорих ангид цагдан хориод байгаа. Ийнхүү ээлжит сонгуульд нэр дэвшиж буй зургаан хүнийг цагдан хорилоо.
Ташрамд дурдахад, шүүгдэгч С.Баярцогтод, шүүгдэгч Д.Ганболдод нарыг тус бүрийг 10 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч С.Баярт 5 тэрбум төгрөгийн барьцаа, шүүгдэгч Б.Бямбасайханд 2 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан юм.
Харин шүүгдэгч Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Үүнээс Ерөнхий сайд асан С.Баяр таван тэрбум төгрөгийн дэнчингээс тодорхой хувийг шүүхийн тусгай дансанд байршуулсан байсан аж. Тиймээс цагдан хоригдоогүй юм байна.
Ц.САНДУЙ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ БОЛЛОО
Экс Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвших эрхээ хасахаас өмнө НИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуйгийн сонгуульд нэр дэвших эрхийг нь шүүхээс сэргээсэн юм. Ц.Сандуй нарыг төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдуулж, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял ногдуулсан юм. Харин Давж заалдах шатны шүүх хурлаас уг шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Ц.Сандуй нарыг батлан даалтад гаргаад байсан билээ.
Үүнтэй холбогдуулж, Ц.Сандуй энэ удаагийн сонгуульд Ногоон намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн ч түүнийг бүртгэхээс татгалзсан хариу өгсөн юм. Ийнхүү НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн нэр дэвших эрхийг хязгаарласан Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийг шүүхээс шийдвэрлэснээр түүний сонгуульд оролцох эрх нь нээгдэж байна.
Тодруулбал, Ц.Сандуйгийн нэхэмжлэлтэй “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр хүлээж авч, нэр дэвших эрхийг ийн сэргээсэн байна.
ШҮҮХЭЭС "ЗАРЛАН ДУУДАХ ХУУДАС" АВСАН НЭР ДЭВШИГЧИД
УИХ-ын ээлжит сонгуулиар шүүхээс зарлах хуудас авч, цаашлаад цагдан хоригдсон эрхмүүд цөөнгүй бий. Ингээд тэдгээрийг нам, эвсэл ялгахгүйгээр танилцуулъя.
Ж.Эрдэнэбат
Тэрбээр 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас шалгаж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг энэ сарын 9-нд болсон шүүх хурлаар шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэжээ. Гэвч тэрбээр сүүлийн хоёр удаагийн шүүх хуралд өөрийн биеэр ирээгүйгээс гадна уг мөнгийг байршуулаагүй аж. Дээрх шалтгааны улмаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ сарын 16-ныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан юм. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойргоос нэр дэвшиж буй.
АН-ын дарга С.Эрдэнэ
Намын дарга С.Эрдэнэ УИХ-ын ээлжит сонгуульд Баянгол дүүргийн 26 дугаар тойргоос нэр дэвшиж буй. Түүнийг охин Э.Золзаяагийн нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан гэх хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутган шалгаж буй. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа юм.
УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр- Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж байна. Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа. Мөн түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ 32 тэрбум төгрөгийн залилан хийсэн хэрэг АТГ-аар шалгуулж байв. Д.Батбаяр болон түүний гэргий Т.Баясгалан нарт өнгөрсөн хоёрдугаар сард хилийн хориг тавьсан билээ.
Сангийн сайд асан С.Баярцогт. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт нэр дэвшиж байна. Намдаа ялалт авчрах магадлал өндөр гишүүдийн тоонд багтаад байгаа юм. Түүнийг ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа юм. Түүнд өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилийн хоригийг цуцалж, 10 тэрбумын барьцаа авах арга хэмжээ авсан
АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Бямбасайхан. Түүний хувьд Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшиж байна. АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт болон Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүгчдэгч Б.Бямбасайханы хилийн хоригийг цуцалж, хоёр тэрбумын барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.
АН-ын гишүүн Да.Ганболд: Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс Эрдэнэтийн 49 хувийг төлөөлж ирсэн Да.Ганболд энэ удаад Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшиж байгаа. Түүнийг С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хамт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шалгаж, шүүхээс тэдэнд холбогдох хилийн хоригийг цуцалж 10 тэрбум төгрөгийн таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Хотын дарга асан Э.Бат-Үүл. Тэрбээр Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгуульд горилж байна. Түүнийг хотын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж буй. Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 8-нд товлосон хугацаандаа эхэлсэн ч өмгөөлөгчдийн хүсэлтээр энэ сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр- МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшсэн ч СЕХ-оос нэр дэвших эрх олгоогүй билээ. Улмаар нэр дэвших эрхээ олж авахаар МАХН-ын дарга Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хороог хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэх гаргасан юм. Түүний гаргасан нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр болсон. Одоогоор ямар шийд гарсан нь тодорхойгүй байгаа юм. Түүний хувьд хүү Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшүүлээд буй.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ШАНТААЖИЛСАН ХЭРГЭЭР
Х.БАТ-ЯЛАЛТЫГ ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО
“Иргэдийн шударга шүүх” хэмээх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох, бусдыг заналхийлсэн хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр гэм буруугийн шүүх хурал боллоо. Шүүхээс Х.Бат-Ялалтыг зургадугаар сарын 23-ныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргалаа.
Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн байсан, “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм. УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг нийтэд дэлгэхээсээ өмнө уг мөнгийг нэхсэнийг тэрбээр хэвлэлд ярьсан бөгөөд Х.Бат-Ялалтын хувьд уг мөнгөө авсныхаа дараа нэр бүхий сэтгүүлчдийн хамтаар задалсан гэж буруутгагдсан. Сэтгүүлчид нь ч мөрдөн байцаалтын явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ тухай тодотгон тайлбарласан аж.
УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДЫН БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСНА
Монгол Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Ингэснээр Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн даваа бүрийг ахиулж, цол чимэгийг олгуулах, Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн юм.
Улс төрийн халуун сэдэвтэй зэрэгцэн өндөржүүлсэн бэлэн байдлын хугцааг ирэх сарын дунд хүртэл сунгаж магадгүйг Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдэгдлээ. Хэдийгээр яг таг баталсан зүйл байхгүй ч гэлээ, коронавирусний халдвар гадын улсаас зөөвөрлөгдөн ирэх нь нэмэгдэж буй. Гэхдээ үүнтэй зэрэгцэн бүрэн эдгэрсэн тохиолдол 137-д хүрээд буй нь цар тахалыг дотооддоо алдахгүй байх магадлал өндөртэйг харуулж байна гэдгийг ЭМЯ-наас мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (3)