УОК-ын 24 дүгээр хуралдаанаар хилийн чанад дахь иргэдээ татан авах хуваарыг баталсан талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо төдийлөн буурахгүй байна. Зургадугаар сард нийт есөн нислэг хийхээр төлөвлөсөн.
Маргааш буюу зургадугаар сарын 19-нд Франкфурт, 20-нд Зүүн Өмнөд Ази дахь иргэдээ авчрах онгоц хөөрнө. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын дунд хүртэл хугацааг сунгах чигтэй байна. Гэхдээ албажуулаагүй. Үүнтэй холбогдуулан ирэх сарын 2-нд Сөүл, 4-нд Токио, 7-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн онгоц хөөрч иргэдээ авчрахаар боллоо.
Үүний дараа долдугаар сарын 9-нд Турк улсын Истанбул руу нислэг үйлдэж, Турк болон Европоос ирсэн транзит зорчигчдыг авчирна. Мөн 15-ны өдөр Сөүл чиглэлд дахин нэг нислэг үйлдэж, транзит зорчигчдыг авчирна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх, ямар дэглэм баримтлах талаар УОК-ын шийдвэр гараагүй учраас долдугаар сарын сүүлийн хагаст аль чиглэлд нислэг үйлдэх хуваарийг батлаагүй. Үндсэндээ долдугаар сарын эхний хагаст таван удаагийн нислэг үйлдэх зөвшөөрөл гаргалаа.
Эдгээрээс гадна БНХАУ дахь нутаг буцах хүсэлт гаргасан 164 иргэн бий. Тэдгээрийг ойрын үед Замын-Үүд боомтоор нэвтрүүлнэ. Хил нээх тал дээр хятадын талтай дипломат шугмаар тохирсон. Түүнчлэн ОХУ дахь оюутнууд нутаг буцах хүсэлтэй байгааг харгалзан үзэж, автозамаар татан авах шийдвэр гаргуулахаар ажиллаж байна" гэлээ. Үүний дараа сэтгүүлчдийн асуусан асуултад хариуллаа.
-Манай улсын цэргийн 75 алба хаагч ОХУ-д Ялалтын жагсаалд оролцохоор явсан. Энэ шийдвэрийг хэн гаргасан юм бэ?
-Энэ асуултад би Консулын газрын даргын хувиар хариулах боломжгүй.
-Хятадад дахин халдвар дэгдсэн. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ?
-Шинэ халдварын голомт үүссэн талаарх мэдээллийг шуурхай авсан. Энэ дагуу асуудлыг холбогдох албаныханд танилцуулж, ямар арга хэмжээ авах талаар чиглэл өгсөн. УОК-ын Шуурхай штабаас удахгүй мэдээлэл хийнэ.
-Долдугаар сарын нислэгт УОК-ын таван шаардлагад нийцсэн иргэдийг авчрах юм уу. Эсвэр өөр шаардлага нэмэгдсэн үү?
-Энэ асуудлаар ярилцсан. УОК-оос тавьсан таван шаардлагаас гадна санхүүгийн хүндрэлд орсон иргэдийг авчирч байгааг иргэд мэднэ. Энэ ч утгаараа сүүлийн нислэгүүдийн 60 орчим хувийг санхүүгийн хүндрэлд орсон иргэд эзэлж байгаа.
Сэтгэгдэл (5)