Тагнуулын Ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг тавдугаар сарын 03-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч явахад тагнуулын байгууллагаас дайчлан баривчилсан билээ. Уг хэргийн талаар түүний гэргий н.Оюунгэрэл мэдээлэл хийхдээ гэрт нь нэгжлэг хийсэн гэдгийг мэдэгдэж байсан юм.
Нөгөө талаасаа түүнийг “baatar02” гэсэн хаягаар жиргэхдээ ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг ажлаа өгөх ёстой зэргээр байр сууриа илэрхийлдэг байсан нь баривчлагдах шалтгаан болсон гэх яриа гарч байв. Гэтэл үүнээс хэдхэн цагийн дараа ТЕГ-аас “Твиттерт идэвхтэй байсан гэсэн шалтгаанаар хүн баривчилаагүй. Шалтгаан нь Монгол Улсын нэр бүхий иргэдийг гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан зарим хүнийг хойшлуулашгүй ажлын хүрээнд баривчилсан.
Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн 19.4-т зааснаар төрийн маш нууцын зэрэглэлтэй учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэж байв.
Ийнхүү амралтын өдрөөр, гэр бүлийнхнийхээ дэргэд баривчлагдсан Ш.Амгалан хурандаа хэд хоногийн дараа суллагдсан.
Суллагдсаныхаа дараа “Хорих 461 дүгээр ангиас суллагдахаас тавхан цагийн өмнө Тагнуулын ерөнхий газраас намайг гадаадын тагнуулын байгууллага, ажилтантай хууль бусаар хамтран ажиллах хэрэгт холбогдсон гэж олон нийтэд мэдэгдсэн. Ингэж мэдэгдсний дараа сулласан. Намайг хилс хэрэгт холбогдуулан шалгаж хэрэг тохох гэж байна. Надад эх орноосоо, ард түмнээсээ урвасан байхгүй. Би Тагнуулын байгууллагыг шүүмжилдэггүй. Д.Гэрэл даргын ажлыг л шүүмжилдэг. Түүнээс авгай, хүүхэд, ар гэрийг нь дурддаггүй.
Намайг баривчилж, гэрт очоод нэгжлэг хийх нэрээр түйвээсэн. Би Ерөнхий прокурор, Дээд шүүх, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн комисст хандана.
Би Д.Гэрэл даргыг хэд, хэдэн удаа шүүмжилж жиргэж байсан” зэрэг тайлбарыг өгсөн байдаг.
Хоёр талын байр сууриас үзвэл, тагнуулын хурандаа гадаад тагнуулын албатай ямар нэг сэжмээр холбоотой, эс бөгөөс тагнуулын хурандаа нар өөр хоорондоо өш санаж явдаг. Тиймдээ ч нэг нь цахим орчинг ашиглаж, "албаны" болон "хувийн" нууцтай холбоотой гэх асуудлыг дэлгэдэг, эсвэл нэр төрд нь "халдаж" явдаг. Нөгөөх нь албаны эрх хэмжээгээ дайчлан баривчилдаг. Ийм л дүр зураг ажиглагдсан нь үнэн.
Тэгвэл тагнуулын хурандаа Ш.Амгалан УИХ-ын ээлжит сонгуульд Сүхбаатар дүүрэгт “Зон олны нам”-аас нэр дэвшиж байна.
“Үнэнийг илчилж, үндсээр нь цэвэрлэнэ” уриатайгаар сонгуульд орж буйгаас нь үзвэл, тагнуулын байгууллагын удирдлагуудтай тэмцэхээр ийнхүү улс төрийг сонгосон бололтой.
Гэвч түүний цахим орчинд хэр идэвхтэй байдаг, ямар сэдвийг голчлон барьдаг байснаас үзвэл, сонгуульд нэр дэвшихээр эртнээс бэлтгэж байсан мэт. Тиймдээ ч тагнуулын хурандаа Ш.Амгалан улс төрд тодрохын тулд нэгэн цагт дээврээ хийж явсан байгууллагынхаа удирдлагыг чичилж байв уу гэж асуухад хүрэв.
Сэтгэгдэл (1)