Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Дэлхийн хэмжээнд коронавирусний улмаас 216 орны 8.383.000 хүн өвчилж, 450 мянган хүн нас барж, 3.5 сая хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн дотор 131 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас баржээ. Бээжингийн “Синьфади” хүнсний бөөний захтай холбоотой өвчлөлийн хүрээ өргөжих хандлагатай байгаа аж.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Тухайлбал, өвчлөл Шинжаан зэрэг мужуудад бүртгэгдсэн. Одоогийн байдлаар нийт 158 хүн халдвар авсан гэж үзэж байгаа бөгөөд үүнээс зургаан хүнийг хүнд хэлбэрийн тохиолдол байна. БНХАУ-аас уг дэгдэлт нэг сарын эхэлсэн байж болзошгүй гэж үзжээ. Энэ хүрээнд Бээжинд ирэх галт тэрэг, онгоцны хөдөлгөөнийг зогсоосон. Бээжингийн удирдлагуудаас онцын шаардлагагүй үед гэрээс гарахгүй байх, шаардлагатай толхиолдолд такси дуудаж үйллүүлэхийг зөвлөжээ. Мөн хөл хорионы хатуу дэглэмийг тогтоогоод байна.
Түүнчлэн ОХУ-д 7843 хүн өвчилсөн. Манай улстай хил залгаа Буриад, Тува, Читид 38-110 хүнээр нэмэгдэж, өвчлөл тогтвортой өсөж байна. Сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчлөл тогтвортой нэмэгдэж байгаа учраас эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхгүйд хүрчээ.
Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 270 хүн нэмэгдэж, 362 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор нийт 1631 хүн ажиглах байранд байна. Өчигдөр Сөүлийн транзит нислэгээр 257 хүн ирсэн. Үүнээс 5 хүнийг ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан.
Иргэдийн зүгээс хөл хорионы дэглэмийг баримтлахгүй, иргэд маскгүй зорчиж байна гэсэн мэдээлэл их ирж байна. Бид хоёр талаасаа голомтын дунд амьдарч байгаа учраас гараа сайтар угаах, амны хаалтаа тогтмол зүүх, шаардлагагүй тохиолдолд гаруудар явахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
А.Сүх