Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг өнгөрсөн шөнө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Цагдан хорих 461 дүгээр саатуулсан билээ. Тодруулбал, Ж.Эрдэнэбат нь энэ сарын 4-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Түүнчлэн энэ сарын 12-нд товлогдсон гэм буруугийн шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд барьцаа байршуулах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир энэ сарын 16-ныг хүртэл буюу гэм буруугийгийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан юм. Уг асуудалтай холбогдуулан МАН-аас нэр дэвшигчийн сонгогдох, сонгох эрхийг хамгаалахаа мэдэгдэж байсан юм.
Энэ хүрээнд МАН-ын Сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулах, цагдан хорих тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөл авах ёстой. Гэтэл хуулийн байгууллагаас хуулийн энэ заалтыг зөрчиж, албадан саатуулах ажил хийлээ. Тиймээс МАН-ын зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байна гэсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Энэ бол зөвхөн Ж.Эрдэнэбат гишүүний цаашлаад МАН-ын асуудал биш. Монгол Улсын иргэн бүрт хамааралтай асуудал. Үүнийг иргэд, сонгогчид сайн бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрх эдэлдэг. Үүнийг нь хуулиар хязгаарладаг. УИХ-ын гишүүнийг цагдан хорих, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийхдээ УИХ-аас зөвшөөрөл авах ёстой. Энэ зохицуулалт зөвхөн Монгол гэлтгүй парламентийн засаглалтай бүх улсад хэрэгждэг зохицуулалт. Учир нь УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл. Энэ утгаар нь эрхийг нь хамгаалдаг зохицуулалтыг холбогдох хуулиудад хийсэн.
Хариуцлагагүй, ёс зүйгүй хэдэн шүүгч нар Монголын төрд дайн зарлаж байна. Шүүхийн алдаатай шийдвэр засагдах байх гэж найдаж байна. Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, прокурор, шүүгч нарт уриалмаар байна. Хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хэлж, ярих хэрэгтэй байна. Энэ бол Монгол төр оршин тогтнох уу, үгүй юү гэдэг асуудал. Тиймээс хүн хүр хариуцлагатай хандах хэрэгтэй байна" гэлээ.
Харин УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар "Шүүгч ийм шийдвэр гаргасан нь цаанаа авлигын шинж чанартай гэж харагдаж байна. Ард түмний төлөөллийг хэн дуртай нь баривчилж болохгүй. Хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх бэ, үгүй вэ гэдгийг хэн дуртай нь шийддэг болно. Тиймээс парламентийн тогтолцоогоо хадгалж үлдэе гэвэл, энэ алдааг засах ёстой" гэв.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Энэ удаагийн сонгуульд би хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн уриатай оролцож байна. Хуулийн хулгай хаанаас эхлэлтэй вэ гэдэг өдөр ирэх тусам тодорхой болж байна. Намайг дэд сайдаар ажиллаж байх үед Хөгжлийн банкны асуудлыг шалгасан. Маш их зөрчил илэрсэн. Гэм буруутай этгээдүүдийг хамгаалж байсан шүүгч нар Ж.Эрдэнэбатыг шоронд хийлээ. Дагаад Сэлэнгийн ард иргэдийг хорьлоо" гэсэн юм.
Сэтгэгдэл (39)