Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин "УИХ-ын сонгуультай холбоотой мөрдөж ажиллах журам баталсан. Журамд бүх талын асуудлыг тусгасан. Журамд мөрдөж чадахгүй, хүндрэлтэй зүйл юу ч тусгаагүй. Гэтэл нэр дэвшигчид, нам, эвслүүд журам зөрчсөөр байна. Сонгуулийн нээлт хийснээс хойш энэ журам мөрдөгдөхгүй байна гэж өдөрт 400 гаруй удаагийн гомдол ирж байна. Тиймээс цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа уулзалт зохион байгуулах байрыг урьдчилан ариутгах, уулзалтад ирэх иргэдийг 1.5 метр байх, биеэрээ хүрэлцэхгүй байх ёстойг мэдэгдэж байна.
Гар барьж болохгүй, тэврэлцэж болохгүй. Уг нь үүнийг журамд тусгаж өгсөн. Хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл биш. Гэтэл хэрэгжүүлэхгүй байна. Сонгууль бодож коронагийн аюулаа мартчихлаа.
Эрсдэл өндөртэй ийм үед ингэж болохгүй. Долоо хоногт нэг сая хүн халдвар авч байна. Тиймээс нийт нам, эвсэл, нэр дэвшигч, сонгуулийн штабт анхааруулж байна. Иргэд ч гэсэн анхаар. Заавал нэр дэвшигчтэй гар барих шаардлагагүй" гэлээ.