Хуулийн дээр сандайлж суусан нэр бүхий хэдэн эрхэм байна. Тэдний нэг нь Монгол УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Тэрбээр энэ удаагийн сонгуульд УИХ-ын 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт дахин нэр дэвшиж байна.
Цагтаа Улсын Ерөнхий сайдын сэнтийд тухалж явсан энэ эрхэм эрүүгийн хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруугаа шүүлгэх ёстой атлаа сонгуулийн сурталчилгаагаа хийгээд тун завгүй бэдрэх аж.
Ж.Эрдэнэбат гэж эрхэмд холбогдох хэрэг олон сар дундшиж дундшиж шүүхэд шилжсэн. Өнөөдөр түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болох товтой ч тэрбээр шүүх танхимд залрах эсэх нь ч тодорхойгүй байна. Ингэж хэлсэн нь учиртай.
Нийслэлийн Прокурорын газраас түүнийг өнгөрсөн 2019 оны сүүлчээр яллагдагчаар татаж, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах гэсэн боловч яагаад ч юм бэ, прокурортой учраа олж чадаагүй байдаг. Аргаа барсан прокурорууд шүүхэд хандсан. Шүүхээс түүнийг албадан ирүүлэх шийдвэр гаргаж байж арай хийж яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцсан байдаг. Энэ хоооронд хэдийнэ найман сар өнгөрчихсөн.
За, ингээд хэргийг шүүхэд шилжүүллээ. Гэвч шүүх хурал хойшилсон. Учир нь Ж.Эрдэнэбат шүүхэд ирэхгүй алга болно, эсвэл өөр шалтгаантай.
Ингэж ингэж энэ сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбатыг энэ сарын 9-ний дотор шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэсэн юм.
Гэвч энэ сарын 10-ны өдөр буюу өчигдрийн байдлаар тэрбээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй л байна. Тиймээс өнөөдөр шүүх хурал болно. Шүүхээр түүний гэм бурууг хэлэлцэж, буруутай гэж үзвэл, цагтаа Ерөнхий сайдын сэнтийд тухалж явсан Ж.Эрдэнэбат гэдэг хүн торны цаана сууна. Гэхдээ шүүх хурал болбол шүү.
Учир нь өнгөрсөнд үлдсэн бүх сургамжаас үзвэл, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчид шүүхээс зугтахын тулд ямар л бол ямар арга сүвэгчилдэг. Энэ ч жишгийг ч Ж.Эрдэнэбат үргэлжлүүлэхийг үгүйсгэхгүй. Үгүйсгэх ч аргагүй. Учир нь өмнө нь яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцах гэж албадан ирүүлэх хэмжээнд тулсан. Шүүхээс 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуул гэхэд шийдвэрийг нь үл тоосон. Тэгэхээр өнөөдөр шүүхэд ирэх нь юу л бол.
Хэргийг нэхэн сануулахад, Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбаын тусгай хамгаалалттай талбай нь давхацсан тусгай зөвшөөрлийг цуцалж, эзэмшигчтэй нь хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох шийдвэр гаргахдаа н.Соргогбаатар захиралтай “Элбэг орд” компанид “Улаан сайр-1”, “Улаан сайр-2” буюу нийт 8397.7 га талбайг нөхөн олговрын зориулалттаар тусгай зөвшөөрөл шинээр олгосон байдаг. Үүнээс нь “Улаан сайр-2” талбайг нь н.Соргогбаатараас 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон түүний төрсөн дүү Э.Эрдэнэтөгс нар хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанид ердөө ТАВХАН САЯ төгрөгөөр худалджээ.
Улмаар үүнээс тавхан сарын дараа “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбатын дөнгөж шинээр байгуулаад байсан “Бэст лэнд майнинг” компанид НЭГХЭН САЯ төгрөгөөр худалдсан юм.
Энэ талаар Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нь “Хайгуул хийгээд юм гарвал чамд ашиг хүртээнэ. Тусгай зөвшөөрлөө Х.Эрдэнэбатад шилжүүлчих” гэсэн гэж мэдүүлсэн бол “Алтай групп”-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбат “Ж.Эрдэнэбат над руу яриад “Манай дүү Өмнөговьд нэг тусгай зөвшөөрөлтэй юм байна. Хайгуул хийгээд юм гарвал Ж.Эрдэнэтөгстэй хувь тохирч хувааж авъя” гэсэн” гэж мэдүүлсэн байдаг.
Эл хэргийн араас хуулийнхан шалгаж түүнийг ийнхүү яллагдагчаар татсан юм. Гэвч Ж.Эрдэнэбат яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцахгүй "зугтсан" учир шүүхээс албадан ирүүлэх болсон. Ийнхүү Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нараас хуулийн байгууллагын хаалга татсан хоёр дахь Ерөнхий сайдаар тэрбээр тодров.
Уг хэрэгт Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, “Азаргын гол чонот” компанийн захирал Б.Отгонбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж байсан Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарыг холбогдуулан шалгаж буй. Өмнөх шүүх хуралдаанаар Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан юм.
Сэтгэгдэл (5)