УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Сүхбаатар аймагт Ардчилсан Намаас нэр дэвшигч Ж.Батсуурьтай ярилцлаа.
-Боомт гэх ойлголтын талаар яриагаа эхэлье. Монгол улсад ямар үнэ цэн, өгөөжтэй юм бэ?
-Хүмүүс өнөөдрөөс илүү маргаашийг, бас хөгжил дэвшлийг хүсдэг. Хөгжлийг бий болгоход санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй. Монгол Улс далайд гарцгүй. Газар зүйн байршлын хувьд хоёр хөршийн дунд хавчигдмал байдалтай оршин тогтнодог. Гэхдээ бидэнд эдийн засгаа тэлж, хөгжихийн тулд дотоодод байгаа баялгаа дэлхийн зах зээлд гаргах зайлшгүй шаардлага бий. Гуравхан сая хүн амтай жижиг улсад дангаараа юу ч үйлдвэрлээд амжилт олохгүй. Жишээ татъя л даа. Олон тэрбум хүн амтай улсад бохь үйлдвэрлэлээ гэхэд хар ухаанаар бодоход хамгийн багадаа тэрбум хүнд борлуулагдана. Харин Монгол Улсын хувьд хамгийн ихдээ л 3 саяыг хэрэглэгчдэд хүргэнэ шүү дээ. Ийм л жижиг зах зээлтэй учраас бид олон улсын зах зээлд оролцох ёстой юм. Тэгвэл бидэнд юу байна? Байгалийн баялаг, 80 сая мал байна. Бидэнд байгаа энэ бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд хөл тавих цаг нэгэнт иржээ. Тиймээс боомтын асуудлыг хөндөх нь зайлшгүй. Бүтээгдэхүүнээ олон улсад гаргах, нэг улсаас нөгөө улс руу дамжуулахад хамгийн чухал үүрэгтэй эрхзүйн хэм хэмжээ бүхий гарцыг боомт гээд байгаа юм. Алтанбулаг, Замын-Үүдийн боомт бол Монгол улсын хамгийн анхных. Түүнээс хойш байнгын болон түр зуурын чанартай олон боомт бий болсон.
-Тэгвэл Сүхбаатар аймгийн “Бичигтийн боомт” бусад боомтоос юугаараа ялгаатай, ямар ач холбогдолтой юм бэ?
-Манай боомт 1992 онд улирлын чанартай байгуулагдсан. Анх хаягдал төмөр, ноос ноолуур, банз дүнзийг л боомтоор нэвтрүүлдэг байсан. “Бичигтийн боомт” 30-аад жилийн түүхийн явцад хөгжсөөр өнөөдөр байнгын ажиллагаатай, олон улсын шинж чанартай боллоо. Олон улсын чанартай гэхээрээ дэлхийн аль ч улстай харилцах боломжтой гэсэн үг юм. Үүгээрээ л бусдаас давуу талтай. Түүнээс бус Хятад Монголыг холбосон, зөвхөн хоёр улс л хоорондоо харилцах 20 гаруй боомт бий.
-Энэ боомтоор дэлхийн аль ч улстай харилцах боломжтой гэж та хэллээ. Жаахан дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?
-Газрын зураг дээрээс харахад манай улстай хамгийн ойрхон далайн боомт бол сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжсөн “Жиньжоу”. Одоо бид “Бичигт”-ээр дамжин холбогдчихвол далайд гарцтай боллоо гэсэн үг. Нэгэнт гарц бий болбол зүүн болон зүүн өмнөд азийн орнууд, цаашлаад далайгаар бүслэгдсэн аль ч улсад Монголын ямар ч түүхий эдийг борлуулах боломж бүрдэнэ. Эргээд Америк болон бусад тивээс нааш нь төмөр замаар бараа татна гэсэн үг.
“Бичигтийн боомт”-ыг газрын тосны түүхий нөөцийг Хятадад боловсруулах зориулалтаар анх байгуулсан. Өнөөдөр газрын тос, нүүрсийг хоёр улсын хооронд машинаар л зөөж байгаа. Энэ нь цаг хугацаа алдах, байгаль орчноо сүйтгэхээс эхлээд хүн хүч ихээр зарцуулах, ачаалах зэрэг сөрөг талтай. Харин Хятадын талтай төмөр замаар холбогдчихвол дээрх асуудлууд шийдэгдэж улс, орон нутгийн эдийн засагт өгөөжөө өгнө. Тиймээс Монгол улсын далайд гарах шинэ дөт замыг нээх ёстой. Энэ нь Сүхбаатар аймгийг дамжин өнгөрөх ёстой. Мөн цогцоор нь хөгжүүлэх ёстой. Зөвхөн гаргах бус сөрөг тээвэрт нь Тамсагаас Дорноговийн нефтийн үйлдвэр рүү түүхий нефтээ авчрах ёстой. Тэнд Монгол улс бензинээ үйлдвэрлэх ёстой.
-Эдийн засагт өгөөжөө өгнө гэдэг нь?
-Бид 40 гаруй сая тонн нүүрс гадагшаа гаргаж байгаа. Хэрэв хоёр гарцтай болбол 100 сая тонныг экспортолно шүү дээ. Үүнийгээ дагаад Монгол улсын төсвийн орлого, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Нөгөө талаас боомтоо түшиглээд чөлөөт бүсээ хөгжүүлнэ. Өнөөдөр Хятад, Америк хоёр улс худалдааны дайн өрнүүлж байна. “Хятадад үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүнийг Америкт гаргахад татвартай. Гэсэн хэрнээ “Монгол үйлдвэрлэв” шошго татваргүй байх жишээтэй. Тэгэхээр бид Монголынхоо бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн Америкийн зах зээлд татваргүй гаргах боломж байна. Энэ мэтчилэн давуу тал их. Бид л дэд бүтцээ шийдчихвэл хилийн цаана, хурдны болон төмөр зам, нисэх онгоцны буудлууд бэлэн байна.
-Дэд бүтцээ шийднэ гэдэг нь Баруун-Уртаас “Бичигт” хүртэл тавигдах 277 км замыг хэлж байна уу?
-Нэн түрүүнд Сайншандад байгаа төмөр замыг Баруун-Урт, Хөөт Бичигтийн чиглэлд татах ёстой. Ингэснээр орлогын эх үүсвэр нэмэгдэнэ. Гэхдээ дан ганц төмөр зам тавилаа гээд асуудал шийдэгдчихнэ гэсэн үг биш. Төмөр зам дагаад мөнгө олно. Олсон мөнгөөрөө Баруун-Уртаас “Бичигт” хүртэлх авто зам тавина. Авто замаар аялал жуулчлалын шинэ бизнесүүд хөгжинө.
-Таны ярианаас боомтыг хөгжүүлэх, сайжруулах, тэлэх тухай ойлголоо. Тэгвэл “Бичигтийн боомт”-ын өнөөгийн нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөөч?
-Одоогоор машинаар түүхий нефть, нүүрс зөөх төдий байна. Том бодлогоор зохицуулагдаагүй учраас ажиллагсдын нөхцөл байдал ч албан ёсоор хангагдаагүй байна. Тог цахилгааныг дөнгөн данган шийдэж байна. Үүнийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Төрийн захиргааны нэгж байршуулж, зам тээвэр, аж үйлдвэрийн парк байгуулж, ажлын байр олноор бий болгон Замын-Үүдийн боомт шиг боомт байгуулах ёстой. Бүр түүнээс ч илүү хөгжүүлэх боломж бий. Миний хувьд олон улсын жишигт хүрсэн, далайд гарцтай томоохон боомт бүтээн байгуулна гэж төсөөлдөг. Хүмүүс гагц аймгийн л асуудал мэтээр ойлгодог. Гэтэл Сүхбаатарынх бус Монгол Улсад далайн гарц нээх тухай далайцтай өргөн хүрээний асуудал юм шүү дээ.
-Хүмүүс энэ бүтээн байгуулалтыг нүсэр ажил мэтээр хүлээн авч болох юм?
-Энэ асуудал хол биш. Монгол Улсын эдийн засгийг харахаар 10 гаруй тэрбум долларын нилээдийг нь нүүрснээс олж байгаа шүү дээ. Тэгвэл бид нүүрсээ яагаад байгалиа сүйтгэн барин, тоос бужигнуулан машинаар зөөгөөд байгаа юм. Дэд бүтцийг нь даруй шийдээд хэд дахин илүү орлого олъё л доо. Асуудал нь Монгол Улсын нийслэлээс үргэлжилж буй зам Баруун-Урт дээр төгсчихөөд байна л даа. Тэгэхээр хил хүртэл 270 гаруй км авто замыг үргэлжлүүлэн тавих шаардлагатай байна. Угаасаа хилээс цаашаа далайн боомт хүртэл авто болон төмөр зам бий. Жишээ татъя. Сүхбаатараас Америк руу явъя гэхээр нийслэл рүү очоод, нисэх онгоцны буудал хүртэл түгжрээд, онгоцоор Бээжин хүртэл нисээд цаашаа дамжиж хүрнэ. Тэгснээс Улаанбаатар руу явах хугацаагаараа Бээжинд хүрээд цаашаа ниссэн нь дээр биз дээ? Энийг л хэлээд байгаа юм. Энэ давуу тал нь дан ганц Сүхбаатарчуудад хамаатай бус манайхтай хиллэж буй Хэнтий, Дорнод болон бусад аймагтай ч холбоотой асуудал.
-Боомтыг хөгжүүлэх төлөвлөлт бэлэн байгаа юу?
-Бэлэн байгаа. Би 2008 онд аймгийн Засаг дарга болоод 2030 он хүртэлх бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл далайд гарцтай болж өргөн хүрээнд хөгжих шийдлийг тухайн үед дэвшүүлэн тавьж байсан. Хятадын талтай маш олон уулзалт хийсэн. Бараг 10-аад Засгийн газартай энэ асуудлыг ярьсан. Засгийн газарт эрчимтэй дэмжигдэж, олон улсын уулзалтуудад удаа дараалан хөндөгдөж байв. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг хүртэл боомт дээр аваачин нөхцөл байдлыг танилцуулж байлаа. Энэ болгоноос тодорхой ахиц гарч байсан.
-Та 2015 онд сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа яг энэ асуудлаар ярьж байсан шүү дээ. Үе үеийн Засгийн газарт дэмжигдсэн ажил өнөөдөр яагаад зогсчихов?
-Ерөөсөө улс төрөөс л болж байгаа юм. Томоохон хэмжээний замыг аймгийн Засаг даргын хэмжээнд шийдэж барахгүй шүү дээ. Тухайн үед боомтын асуудлаар Засгийн газар, УИХ-тай ойлголцож, шууд дэмжигдсэн. Бүр Хятадын талаас дэмжлэг үзүүлэхээр болж байв. Ажил зогссон шалтгаан нь ердөө л үе үеийн засаг солигдолт. Н.Алтанхуягийн Засгийн газартай яг сайхан дэмжигдэж байтал огцорчихсон. Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын үед зөвшилцөж амжилгүй дууссан. У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж барьж авах гэтэл сонгууль болчихлоо. Энэ нь аймгийн хэмжээнд зам тавих бус улсын хөгжлийн асуудал болохоор төрөөс албан ёсоор шийдвэр гарч байж л хэрэгжинэ.
-Таны зурагласнаар хэр хэмжээний хөрөнгө зарцуулах бол?
-Тийм ч их хөрөнгө шаардахгүй. Өнөөдөр ямааны ноолуурт төрөөс 300 тэрбумыг зарцуулж байна. Тэр хөрөнгөөр нэг боомт байтугай бүтэн аймгийг босгоод ирнэ. Эмнэлэг, сургуулийг л гэхэд 10 тэрбумаар барина биз дээ. Ямааныхаа ноолуурт зарцуулж байгаа мөнгөний хэмжээгээр боомт барьчихъя л даа. Боомт бол Монголдоо байнгын орлого, хөгжлийг авчирна шүү дээ.
-Бүтээн байгуулалтыг хийхэд ойролцоогоор хэр хугацаа шаардах вэ?
-Өмнө нь 27 айлын орон сууцыг хоёр жилд барьдаг байсан бол өнөөдөр түүнээс ч томыг жилийн дотор босгож байна. Судалгааны ажил хэдийнэ хийгдээд төлөвлөгөө нь гарсан талаар би дээр дурдсан. Одоо Монгол төрийн шийдвэрийг л хүлээж байна. Бид анхнаас нь уг асуудлыг дэвшүүлэн тавьсан. Цаашид ч тавих болно. Энэ нь Монгол улсынхаа хөгжлийн төлөө, малчид, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө хийж буй бидний чин зүрхний хүсэл билээ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (9)