Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “Пи Ай Эм” ХХК-ийн барьсан “Ханбогд” хотхон өнгөрсөн онд ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авчээ. Тус хотхон анх оршин суугчдаа хүлээн авахдаа барилга хоорондын зай болох 20 метрийн талбайг ногоон байгууламж хэлбэрээр тохижуулж, оршин суугчдын автозогсоол болгоно гэж итгүүлсэн ч амлалтаасаа буцаж стандартын бус шахуу талбайд орон сууц барихаар барилгын ажлыг эхлүүлжээ. Уг нь барилга хоорондын стандарт зай 20 метр байх ёстой ч тус хотхоны хоорондын зай 16 метр аж.
Өөрөөр хэлбэл, хоёр орон сууцны дундах 16 метр зай талбайд дахин 16 давхар орон сууц барихаар барилгын ажил эхлүүлсэн учир оршин суугчид манай сайтад хандсан юм.
Иргэдийн зүгээс авто зогсоолын талбай хүрэлцдэггүй, хүүхдийн тоглоомын жижиг талбайд хүүхдүүд нь багтаж шингэдэггүй, ногоон байгууламж ч байгуулаагүй атлаа дахин орон сууц барьж алхах, гишгэх газрыг минь хязгаарлах гэж байна хэмээн эсэргүүцэж байгаа юм.
Уг нь зураг төслийн дагуу барилга хоорондын уг зайд авто зогсоол, ногоон байгууламж байгуулах ёстой байжээ.
Гэвч нийтийн эзэмшлийн талбай байна гэж оршин суугчдад итгүүлж орон сууцаа зарсан ч тус газар дээр 2008 онд есөн давхар барилга барихаар зөвшөөрөл авчээ.
Уг зөвшөөрлийг өөр дүүргийн архитектур тодруулбал, Хот байгуулалтын хэлтсийн дарга н.Эрдэнэ-Очир, Сүхбаатар дүүрэг хариуцсан архитектор Э.Анар нар гаргаж өгсөн аж. Дараа нь 2018 онд Э.Анар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга болсныхоо дараа 16 давхар барилга барих эрх өгсөн аж. Асуудлын гол нь нийслэлээс хэрэгжүүлж буй “Нэг хот, нэг стандарт”-ыг зөрчиж, оршин суугчдыг хохироож байгаагаас гадна дүүргийн мэргэжилтэн нөгөө дүүрэгт баригдах орон сууцны зөвшөөрөл өгсөн нь анхаарал татаж байгаа талаар тэд хэлсэн юм.
Дээрх асуудалтай холбогдуулан оршин суугчид манай сайтад хандсаны дагуу бид нийслэлийн удирдлагуудтай холбогдсон юм. Ингэхэд Нийслэлийн Засаг даргын орлогч О.Мөнгөншагай “Асуудлыг сайтар судлая. Асуудлыг газар дээр нь очиж танилцан, яаралтай шийдвэрлэе” гэсэн тайлбар хэлсэн юм. Тиймээс эндээс нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний экс дарга Э.Анар барилга барих зөвшөөрөл хууль бусаар олгосон уу гэдгээс эхлэн олон асуулт урган гарч буй. Тиймээс бид уг асуудлыг нэхэн сурвалжилж, мэдээлэх болно.
Б.Лхам