2008 оны долдугаар сарын 1. УИХ-ын 2008 оны ээлжит сонгуулийн дараах гашуун өдрийг бид мартаагүй. Одоогоос 12 жилийн өмнөх энэ л өдөр таван иргэн харамсалтайгаар амиа алдсан. Хуучнаар МАХН одоогийн МАН-ын байрны гадна УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал болж, эмх замбараагүй байдал үүсч, онц байдал зарлахад хүргэсэн билээ. Жагсаалд 8000 гаруй хүн оролцсон гэх албан бус тоо байдаг. Тэдний эсрэг 3000 гаруй цагдаа, хүчнийхэн хамгаалалтад гарч, тухайн нөхцөл байдлыг зохицуулахаар ажиллаж, зарим нь албан үүргээ гүйцэтгэж яваад эрхтэн дутуу болж үлдсэн түүх одоог хэр нь арилаагүй. Жагсаалд ШӨХТГ-ын дарга О.Магнай, УИХ-ын гишүүн Ш.Батзандан нар оройлон оролцож, иргэдийг турхирч байсныг гэрчлэх баримт гэрэл зураг, дүрс бичлэгт үлдсэн байдаг. Жагсаалд оролцсон иргэдээс 900 гаруйг нь саатуулж, 200 орчимд нь ял оноосон бол дээрх жагсаалын оройлогчид Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, өдгөө хоёул УИХ-ын гишүүн болохоор горилж явж байна.
Тэр эмгэнэлт өдрийг бид мартаагүй. Түүх ч мартахгүй.
Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнийн хүү “Зон олны нам”-ын генсек Э.Одбаяр иргэдийг өдөөн хатгаж эхэллээ. Ингэхдээ гадаад суугаа монгол иргэдийг өдөөн турхирна гэнэ. Өөрөөр хэлбэл, тэр бараан өдрийн давтах гэж буй мэт МАН-ын байрны үүдэнд цуглуулахаар зар тарааж, “Гадаадад гацсан монголчууд хөдөлгөөн” нэртэй пэйж хуудас нээж амжжээ.
Өнөөдөр халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд 100 мянга давж, хөл хорио анхаарал болгоомжоо сулруулсан орнуудад халдвар эрчтэй голомтлон тархаж байгаа энэ үед манай улс иргэдээ аль болох боломжит хувилбараар татаж, дотооддоо халдвар тархаахгүй гэж хичээж байна. Үүнээс илүү бид юу хүсэх ёстой гэж. Бид гуравхан саяулаа. Цөөнхөн нисгэгч, цөөхөн эмч сувилагчтай. тэд ирээд л тусгаарлагдана. Тусгаарлалтынх нь хугацаа дуусангуут шахуу нислэгт гарч байна. Эмч эмнэлгийн байгууллага, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт гээд муучлаад байгаа алба хаагчид орондоо ч орох завгүй халдвартай тэмцэж байна.
Гэхдээ тэд гомдлоогүй. Өдөржин шөнөжин ажиллаж, нойр хоолгүй зүтгэж байна гээд цалин мөнгөө чамлаагүй.
Тэд нийт Монголын язгуур эрх ашгийн төлөө зүтгэж байхад С.Эрдэнэ даргын хүү гадаадад гацсан монгол иргэдийг өдөөн хатгаж шоу хийж байна. Тиймээс л С.Эрдэнэ дарга аа, та эрх биш Монголын томдоо тооцогдох намын удирдагч хүн. Хүүгээ сэхээрүүлээч. Гаднаас өвчин импортлож ирлээ гэж таныг шүүмжлэлтэй хандаж байсныг тань монголчууд мартаагүй. Иргэдээ татан ав гэж шахан шаардаж байгаа нь зөв ч гэлээ сонгууль угтсан шоу болгож болно гэж үү. Бидэнд, танд, таны хүүд монголын ирээдүй чухал болохоор хэн нэгний улс төрийн намын акц чухал биш гэдгийг өдийд ухамсарлаж ойлгосон байлтай юм. Тиймээс л Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй попорчингуудын алдааг давтахаас өмнө хүүгээ сэнхрүүл.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)