Бидний Улаанбаатар “угаасаа л” царай муутай. Алаг цоог үзэгдэх ногоон байгууламж, үзэмж тааруу хэдэн шилэн байшинг эс тооцвол нүд хужирлаж сэтгэл баясгаад байх нь ховор. Ийм л нөхцөлд дөрвөн жилийн цикльтэй сонгуулиар хотын өнгө үзэмжийг улам дордуулсан явдал гаардаг нь сурталчилгааны А самбар.
Гудамж бүрийн булан тохой бүрд хөглөрөх сурталчилгааны самбаруудын үзэмж, хийц маруухны дээр хэмжээ дамжааны хувьд ч алаг цоог байх нь байдлыг улам дордуулах нь бий.
Тэгвэл дэлхийн улс орнуудын сонгуулийн сурталчилгааны самбар ямар байдаг вэ?
Бидний монголчууд шиг эрээвэр, хураавар, өнгө үзэмжгүй А самбар ашиглах нэгэн байхад улсдаа тогтсон жишиг тогтоосон улс орнууд хүртэл байх аж.
Жишээлбэл, Япон улс гэхэд автобусны буудал бүрд “Ангийн булан” нэртэй сурталчилгааны самбар байдаг гэнэ. Уг самбар дээр нэр дэвшигч бүр А3 хуудас цаасны хэмжээтэй хоёр хуудас постер байршуулах эрхтэй. Ингэснээр нэр дэвшигчдэд ижил тэгш боломж олгоод зогсохгүй цаасны үргүй зардал гаргаж, байгаль дэлхий хор хүргэхээс сэргийлэх сайн талтай юм. Мөн дагаад хог ч гарахгүй. Гоё санаа байгаа биз.
Япон улстай адил Европийн зарим орнуудад ч гэсэн иймэрхүү ижил тэгш боломж олгосон нөгөөтээгүүр, цаасны хэрэглээг бууруулж, аль болох зардал багатай сонгуулийн сурталчилгаа хийх боломжийг эрэлхийлдэг байна.
Тэгвэл ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг АНУ-д гэхэд самбаруудын хэмжээ, стандартад багагүй шаардлага тавьдаг аж.
Ингэхдээ нэр дэвшигчдийн самбар ижил хэмжээтэй байхаас гадна гудамж талбайн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлсөн байдлаар эмх цэгцгүй байрлуулахыг хориглодог байна. Хэрвээ уг журмыг зөрчвөл сонгуулийн хууль, журам зөрчсөн гэж үзэн багагүй донгодохоос эхлээд нэр дэвших эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл зохицуулалттай байдаг. Гэвч зарим нэг нэр дэвшигчид үүнийг нь үл ойшоож, том толгой гаргах үе байдаг гэнэ. Ийм тохиолдолд иргэдийн зүгээс хатуу хяналт тавьж, шаардлага тавих, тавьсан шаардлагыг биелүүлээгүй бол холбогдох албанд мэдэгдэх зэргээр арга хэмжээ авдаг байна.
Бүр Турк Улсад хүртэл сурталчилгааны самбар нь нэг ижил хэмжээтэй байхаас гадна хаана, яаж байршуулах вэ гэдгийг хүртэл нарийн стандартаар зааж өгсөн байдаг аж.
Тэгвэл бид ямархуу байдалтай байна вэ?
Зарим нэг нэр дэвшигчийн сурталчилгааны самбарыг байршуулахдаа явган хүний замыг ухаж цоолоод байршуулчихсан, эс бөгөөс хүн алхах аргагүй болтол нь зам хааж олноор нь байршуулсан байх нь олон. Бүр сурталчилгааны самбар байршуулах зай талбай алга гээд хүүдийн тоглоомын талбайд хүртэл хэд гурваар нь овоолсон харагдах.
Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй Монгол Улсын бүх аймаг, сумд ийм л өнгө төрхтэй байна.
“Улцан дээрээ улцан, муухай дээрээ муухай” гэж үг бий. Хотын удирдлагууд нь аль муу муухай үгийг үл ойшоож, ТҮК-ийнхэн үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол хотоо үзэмжтэй болгочих гэж хичээн ажиллаж байна.
Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад горилогчдын сурталчилгаагаа хийж байгаа байдал нэг иймэрхүү. “Улцан дээрээ улцан, муухай дээрээ муухай” гэж үг яг тохирох юм шиг байгаа биз.
Сонгуулийн дараа А самбар хаачдаг вэ?
Сурталчилгааны А самбарын хийц материалаас илүүтэй хулдаасан материал хог болох нь их. Магад та сонгуулийн сурталчилгааны дараа Улаан чулуутын хогийн цэг орж үзсэн бол хогийн цэгээр нэг хөглөрөх нэр дэвшигчдийн зураг хөрөг бүхий сурталчилгааны хуудас хөглөрч буйг харсан байх.
Ингээд бодохоор өөрийнхөө зураг хөргийг хогийн цэг дээр шатаалгаж байхын оронд Японы туршлагыг хэрэгжүүлэх нь бараг шулуухан мэт.
Тиймээс л нэр дэвшиж болно. Гэхдээ хэм хэмжээтэй байцгаая. Мөнгөтэй төгрөгтэй гээд гудамжийг бүхэлд нь эзэгнэж, булан тохой бүрд сурталчилгааны самбараа байршуулах нь гоё харагдахгүй байна. Нөгөө талаасаа ижил гараанаас тэгш хэмтэй өрсөлдөх сонгуулийн алтан зарчим ийн алдагдах нь мөнгөтэй хүн нэр дэвших ёстой гэсэн буруу жишгийг нийгэмд үүсгэж буйн нэг хэлбэр юм. Тиймээс ядаж сонгуулийн сурталчилгааны А самбарт хувьсгал хийцгээе. Байгальдаа хайргүй юм гэхэд ядаж хотоо хайрлаж, стандарттай болцгооё монголчууд аа.
Г.Маргад
Сэтгэгдэл (2)