Амьдралын бодит үнэн нь эмгэнэл, инээдэм хоёрын завсарт…
Шекспирийн бүтээлүүд тааварлашгүй оньсого мэт, эмгэнэлтэй хийгээд инээдмийн олон дүрээр ангилагддаг нь одоо ч судлаачдын дунд мэтгэлцээн үүсгэдэг. Түүн шиг алдарт Р.Кунигийн бүтээлийн олонх нь инээдмийн бүтээл байх ч эмгэнэлээр төгсөх нь бий.
Эмгэнэлт ба инээдэмт явдал нь байгалийн бус нийгмийн амьдралын үзэгдэл бөгөөд энэ нь тодорхой хүн дээр сэтгэл зүйн үзэгдэл, сэтгэлийн хөдөлгөөний илэрдэг илрэл юм. Баяр баясгалан, хөгжөөн цэнгэл нь инээд юм шиг боловч уйтгар гуниг, эмгэнэлтэй нарийн шүтэлцээтэй орон зай, цагийн хамааралтай байх нь бий. Тиймдээ ч эмгэнэлт явдал нь инээдтэй болж инээдтэй зүйл эмгэнэлтэй болох явдал ч бий.
Түүн шиг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй иргэд олны анхаарлыг өөртөө татах гэж бусдын санаанд ч оромгүй арга хэрэглэж байна. Өнгөрсөн долоо хоногт нэр дэвшигчдийн гаргасан үйлдэл, авир бүхэн нь яг л Шекспирийн дүрүүд эмгэнэлт хийгээд инээдмийн олон дүрээр ангилагддагтай адил мэт.
Ингээд олны анхаарлыг ихээхэн татсан нэр дэвшигчдийн гаргасан үйлдлийг толилуулъя. Та Шекспирийн дүрүүдээр та ангилах гээд үзээрэй. Магад танд нэгийг сануулах биз.
ГУДАМЖНЫ ЖАГСАГЧ ТӨРГҮЙ БОЛГОЁ ГЭВ
Монголын төрд гудамжны жагсагчаас улстөрийн карьераа эхлүүлэгч олон бий. Тэдний нэг нь АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай. ШӨХТГ-ын дарга байхдаа элдэв поп мэдэгдэл хийж, төрийн болон хувийн байгууллагын "шантаажилдаг" байсан гэх хардлагад өртөж ирсэн. Долдугаар сарын 1-ний өдрийн гашуун түүхийн нэр автор нь. Гадаадын иргэнийг зальдсан гэх хэргийн нэр холбогдогч. Ийм л төр түшилцэхээр горилж буй. Цагтаа төрийн байгууллагыг толгойлж явсан атлаа иргэн бүр төрийн хуульд захирагдах ёстой гэдгийг хараахан бүрэн дүүрэн ухамсарлаагүй бололтой. Тиймдээ ч хоолны газар, дэлгүүр нээхээр болбол ямар ч зөвшөөрөл хэрэггүй. Хаа дуртай газраа нээ гэсэн уриалгаар сонгуулийн шоу хийж явна.
Ингэхээр Шекспирийн дүрүүдээс аль нь түүнд хамгийн ойр тохирох бол.
ХОШГИРУУЛАГЧ Б.НАРАНХҮҮ ГИШҮҮН
Парламентад найман жил тухлахдаа хичээлдээ бараг суугаагүй нэгэн. Чуулган нээлтээ хийх үеэр хальт нэг үзэгдсэн болоод морь руугаа бүр тодруулбал, хувийн компаниа тордохоор яаравчилж ирсэн.
Бүхэл найман жил үргэлжилсэн эл процессоос төрд хэрэггүй хүний нэгээр тодроод буй.
Гэвч тэрбээр тойргийнхоо иргэдэд “Би дахиж чуулган таслахгүй, хичээлдээ сууна. Одоо 50 хүрлээ. Одоо ажлаа хийе. Хэрвээ дахиад сонговол ирцээрээ ч, хууль санаачлах батлах ажилдаа ч номер НЭГ байя” гэж хошгируулахыг оролдсон. Хамгийн муухай нь бүхэл бүтэн найман жил төрийг доромжилсон эл нөхөр тойргийнхоо иргэдийн өөдөөс нь харж зогсоод ийм үг хэлэхэд иргэд алга ташин нижгэнүүлэх аж.
Ингэхээр асуудал ганц Б.Наранхүү гишүүнд биш ч юм уу гэж ч бодохоор.
ЭРХЭМСЭГ ТӨРХӨӨС “ЭРСЛЭН БОЛСОН НЬ”
Монгол туурагтны П.Анужинг андахүй, мэдэхгүй монгол хүн гэж үгүй. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн ч олон нийтэд цацагдсан бичлэгээс болж “эрслэн” гэх нэр зүүж сонгуульд өвдөг шороодсон. Хэсэгтээ нам гүм байсан ч МАН-аас нэр дэвшихээр үнэмлэхээ халаасласнаар Сонгинохайрхан дүүргийг зорьсон.
Эл сонголт нь иргэдэд таалагдаагүй. Тиймдээ ч “П.Анужин гэр хорооллын амьдралыг мэдэх үү” гэж шүүмжилсэн.
Үүний хариултад “Би гэр хорооллын иргэдийн амьдралыг ойлгож байна. Би арван жилдээ Таван шард амьдардаг, сургуульд явдаг байсан” гэж хэлээд олны шүүмжлэл хүртсэн юм. Учир нь сонгууль болохоор би ч тэнд, энд амьдардаг байсан гэж попрох горьлогчид гарч ирдэг. П.Анужин эл жагсаалтыг үргэлжлүүллээ гэсэн юм. Оргүй ч биш л дээ.
БАГЫН НАЙЗУУДАА САНАСАН Л.ӨНӨРЧИМЭГ
Цагтаа монголчуудыг байтугай дэлхийн олон улсын иргэдийн амыг ангайлгаж явсан хүн бол уран зураач Л.Өнөрчимэг. Хөл, гар, амаараа зурахаас эхлээд олон авьяас билэгтэй ч төрийн хайр халамжийг хүртэж чадаагүйдээ ихээхэн гомдож явдагаа нуугаагүй. Нүцгэн цээжээ ил гаргахаас эхлээд сархад хүртсэн байхдаа, уурлаж, уцаарласан үедээ гээд тэрбээр фэйсбүүкээр олон удаа лайв хийсэн.
Хаана жагсаал цуглаан болно, тэнд явна. Бүр Дорнод аймагт оччихсон хятадуудын бичиг баримтыг хураааж сүрийг үзүүлсэн гээд түүний талаар яриад байвал олон юм бий.
Нэр дэвшигч дундаас хамгийн ядууд нь тооцогдох ч хамгийн олон найз бас COOL дэмжигчтэй нь тэр гээд хэлж болохоор. Учир нь мотоцикльтэй залуусыг сурталчилгаандаа ашиглаж, ингэхдээ бүр ясли, цэцэрлэг, бага сургууль, ойр тойронд амьдарч байсан иргэд, найзуудаа дэмжихийг уриалсан. Түүгээр зогсохгүй “Манай гэр Оффицер, Цайз 16, Улаанхуаран, Улиастай, Хужир булан, Кино үйлдвэрт байсан” гэсэн юм. Ийнхүү сүүлийн хэдэн өдөр цахим орчинд трэнд болсон эл бичлэгийн магад хүн бүрт таалагдасан биз ээ.
БОРОО ОРООД САЙХАН БАЙНА АА
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсны дараа сонгуулийн сурталчилгааны нээлтийн үеэр төрийн дууллыг дагаж уйлах гээд ч уйлж чадаагүй нь олны шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл үүнээс хэдхэн цагийн дараа бороотой уралдан гүйх бичлэгээ цахим хуудаст байршуулсан нь багагүй оноо цуглуулсан гэхэд болно. Тэрбээр “Сонгуулийн сурталчилгаагаар явж байна. Бороо ороод гадаа сайхан байна. Машин руу гүйж байна” гэж гүйх зуураа инээсэн нь цөөнгүй иргэдэд таалагдсан нь үнэн юм.
ШИНЭ НАМЫН “БААТАРУУД”
ШИНЭ намаас энэ жилийн сонгуулийн сурталчилгаагаа шинэ бөгөөд шинэлэг байдлаар эхлүүлсэн. Тэдний нэг нь Баянгол дүүрэгт өрсөлдөж буй нэр дэвшигч. Түүний хувьд сэтгэлзүйч мэргэжилтэй бөгөөд “Зээлдэгчдийн холбоо”-ны тэргүүнээр ажилладаг юм байна. Тэмцэгч эмэгтэйн хувцас өмсөж гудамжинд хоёр өдөр зогсохоос өмнө түүнийг хэн ч танидаггүй шахуу байв. Харин сурталчилгааны эл шйидлийнхээ ачаар лайвыг нь 200 гаруй мянган үзээд зогсохгүй нэг л өдөр олны танил эрхмүүдийн эгнээнд шилжсэн юм. Уг үйлдлээ тэрбээр “хүүхдийн баяр болж байсан учир хүүхдүүдийг баярлуулъя гэж бодсон. Нөгөө талаасаа иргэдийн, нийгмийн сэтгэлзүйг оношлох гэсэн юм” гэж тайлбарласан. Түүний тайлснаар түүнтэй таарсан ямар ч насны хүмүүс түүнийг гоё харагдаж байгааг хэлсэн аж. Гэвч цахим орчинд эргүү, тэнэгээр нь дуудах иргэд давамгайлж байсан нь нийгмийн сэтгэл зүйг хэр тогтворгүй цаашлаад иргэдийн санаа сэтгэл туйлбаргүй байгааг илтгэж байгааг хэлсэн юм. Магад үнэн байхыг үгүйсгэхгүй. Юутай ч тэрбээр сайн сэтгэл зүйч гэдгээ уг үйлдлээрээ батлан харууллаа.
ЭРОТИК ЭМЭГТЭЙГЭЭС “ШАНТААЖ”-ЧИН БОЛСОН НЬ
Дөрвөн жилийн цикльтэй тохиох сонгуулийн үеэр буг байтугай бурхан галзуурах нь холгүй болох нь бий. Тэгвэл олноо Ганбууш нэрээр танил болсон иргэн Н.Ган-Од өнгөрсөн сонгуулиар дуучин Нара буй М.Нарантуяаг элдвээр аягласан бичлэг хийлгэж цацаж байв. Ингэснээрээ Ганбууш ба Нара гэсэн хэлцэл гарч цаашлаад М.Нарантуяагийн нэр хүндэд багагүй сэв суулгасан гэж болно. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар П.Анужинг амалж аван Сонгонихайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон нь П.Анужинг бус харин Ганбууш буюу Н.Ган-Одыг өөрийг нь булай болгоод байна. Учир нь жил бүрээр эмэгтэйчүүдийг онилж, элдэвлэдэг. Энэ нь хэн нэгэн улстөрчийн захиалга байх талтай. Бааранд бүжиглэж мөнгө олдог байсан бол одоо улс төрийн бүжигчин болжээ гэх зэргээр түүнийг шүүмжилсэн. Хатуу боловч үнэн үг л дээ.
Энэ бол нийгэмд тархсан цөөн хэдхэн мессэж.
Тэдний үйлдэл бүхэн инээдмээр эхэлсэн ч эцэстээ нийгэмд ямархуу эмгэнэл оршин буйг тод гэрчилсэн. Гэхдээ тэдний буруу биш, бас зөв ч биш. Учир нь ардчилсан нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд бид алдаа, оноогоо дэнсэлсэн түүхээ бичихдээ ардаа томоос том хар толбо үлдээснийг тэдний үйлэл ийн харуулав, бас гэрчлэв.
Тиймдээ ч сонгууль дөхөхөөр буг байтугай бурхан хүртэл галзуурахад хүргэж байна гэж хэлсэн юм.
Тэгвэл ийм байдал хэр удаан үргэлжилж, хэдий хэр том орон зайг хамрах вэ. Хариулт зөвхөн бидний гарт, гэхдээ түүнийг атгах боломжгүй. Учир нь нийгэмд өрнөсөн бүхэн яг л Шекспирийн зохиол шиг, бас түүний дүрүүд шиг...
Г.Маргад
Сэтгэгдэл (4)