Ах Б.Наранхүү нь, ч дүү Б.Саранчимэг нь ч тэрбумтан
УИХ-ын ээлжит сонгуульд горилогчид иргэдийн саналыг татах бор шувуухай илгээх сурталчилгааны хоног хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд л амжиж өөрийн биеэ тултал “пи-ар”-дах эрх тэдэнд бий.
Ер нь жил бүрийн сонгуулиар төрлийн хэлхээтнүүдийн ургийн мод үргэлжилдэг. Энэ удаад ч ураг төрлийн хэлхээтэй хэд хэдэн хүн бий. Тэдгээрийн хөрөнгө орлогыг онцлон хүргэж байна.
Ураг төрлийн хэлхээтний эхний онцлох хүн УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нар юм. Өмнөх сонгуулиар ах дүүгийн хэлхээтэй хэд хэдэн хүн нэр дэвшсэнээс дээрх хоёр эрхэм сонгогдож чадсан. Дүү Б.Наранхүүгийн хувьд УИХ-ын чуулганы хамгийн их таслалттай гишүүний нэгд ордог. Хэрэв итгэл хүлээлгэн дахин сонговол чуулгандаа идэвхтэй оролцоно хэмээн иргэдээр тохуурхаж яваа нэгэн юм. Тэрбээр жилийн 32 сая төгрөгийн орлогтой. Гэр бүлийн орлого 70 сая төгрөг, нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. Мөн 1.2 тэрбум төгрөгийн суудлын жижиг машин Rollsroyce, Phantom- 3, Land Cruiser 200 автомашинтай. 4.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хурдан улмын 300 адуу, 500 сая төгрөгийн үнэт эдлэл, 4.8 тэрбум төгрөгийн хадгаламж, 397 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.
“Инвэкс”, “Дүнжингарав”, “Монголын Уул уурхайн корпораци”, “Мон-Уран”, “Дүнжингарав Констракшн”, “Инвэкс жювелри”, “Инвэкс мэншоп”, “Инвэкс Хоум”, “Инвэкс спортс”, “Инвэкс Кантийн”, “Инвэкс Шүүз”, “Инвэкс Сервис”, “Инвэкс Лэдишоп”, “Инвэкс Бэйбишоп”, “Хүлэрхэрд”, “Дүнжингарав тээвэр”, “Дүнжингарав роуд”, “Дүнжингарав секьюрити”, “Монголмедиа консорциум”, “Оргил энд Капитал партнерс”, “Дүнжингарав трейд”, “Шинэ зуун айл трейд”, “Инвэкскоммодитис”, “Шинэ зуун айл зах” компанид хувьцаа эзэмшдэг.
Эгч Б.Саранчимэгийн хувьд энэ удаад Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт хуульч Б.Энхбаярын хамт нэр дэвшиж буй.
Тэрбээр жилийн 26 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нийт 42 сая төгрөг. 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг авто гражтай. 226 сая төгрөгийн автомашин, 64 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын гурван адуу, дөрвөн үхэр, 11 адуутай. Мөн 18 сая төгрөгийн хадгаламж, 360 сая төгрөгийн зээлтэй аж.
Ах Ж.Баяржавхлан нь 644 саяын хоёр орон сууцтай.
Харин дүү Ж.Алдавжавхлан нь орон сууцгүй
Ж.Алдавжавхлан Хан-Уул дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг. Түүнийг засгаар ажилласнаасаа хойш ах, дүү, төрөл садангаа дээш татсан гэх мэдээлэл бий. Энэ удаагийн сонгуульд тэрбээр МАН-аас Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшинэ. Тэрбээр 72 сая төгрөг орлоготой. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх үйлчилгээний зориулалттай нэг байгууламжтай ч орон сууцгүй гэж мэдүүлжээ. 16 сая төгрөгийн SAI автомашин, 4.7 сая төгрөгийн хадгаламж, хоёр сая төгрөгөөр үнэлэгдэх газартай.
Ах Ж.Баяржавхлангийн хувьд Хан-Уул дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байсан удаатай. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн 220 сая төгрөгийн орлоготой гэжээ. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 76 сая төгрөг, 644 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, авто гражтай. 768 сая төгрөгийн Land Cruiser 200, Volkswagen Polo, Nissan Murano, Crown, Mercedes Benz G 500, Lexus 570 зэрэг автомашинтай. Мөн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх 80 хонь, 15 адуутай, 22.7 сая төгрөгийн хадгаламж, 571 сая төгрөгийн зээлтэй аж.
Наяд ХХК ХХК, Гинжит дуулга ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Пауэр бласт ХХК ХХК, Ихэрнаяд ХХК ХХК, Бест минералс ХХК, Эксплозивс эксперт ХХК, Монголын тэсэлгээчдийн холбоо ТББ Бусад, Мэжик бласт ХХК, Пауэр бласт групп ХХК, Пауэр автоматив ХХК, Ихэр хоёр уулын хишиг ТББ Бусад, Тауэр пропертис ХХК-иудад хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Тэрбумын өв залгамжлагчид
Төрлөөрөө нэр дэвшигчдийн алимны мод Г.Батхүү агсны төрсөн дүү болон хүүгээр үргэлжилнэ. Тухайлбал, Дорнод аймгийн долдугаар тойргоос төрсөн дүү П.Батчимэг нь дэвшинэ. 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Түүний хамаарал бүхий компани ЖДҮХС-аас хямд хүүтэй зээл авсан гэж яригддаг билээ. Тэрбээр жилийн 115 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 52 сая төгрөг. 733 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. 113 сая төгрөгийн Газ 24, газ 21, Зил 131, Москвич-2141 автомашинтай. 681 сая төгрөгийн хадгаламжтай. Гофро ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК хувьцаа эзэмшдэг.
Харин хүү Б.Ганхөлөг жилийн 6.4 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2.6 сая төгрөг. Нэг тэрбум төгрөгийн хоёр орон сууц, хоёр авто зогсоол, 430 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, Lexus 570 автомашинтай. 80 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 25 сая төгрөгийн үнэт эдлэл 1.7 тэрбум төгрөгийн зээл, 18 тэрбум төгрөгийн өвлөн авсан хөрөнгөтэй. Шунхлай Групп ХХК, Батган Транс ХХК, Батган Агро ХХК, Эй энд Жи Транс ХХК, Монгол Автомотив ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)