Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэмт буруутайг нь тогтоогдсон учир 2019 оны есдүгээр сарын 19-нд яллагдагчаар татах тогтоол гаргасан билээ. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ ашиглаж, найман сарын турш АТГ-ын холбогдох ажилтнуудаас зугтан, яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаж гарын үсэг зураагүй юм.
Тиймээс шүүхээс албадан ирүүлэх тогтоол гаргасны эцэст Ж.Эрдэнэбатад холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагаас эхэллээ.
Гэвч тэрбээр өөрийн биеэр шүүх танхимд ирсэнгүй. Шалтгаан нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой бололтой.
Хэргийг нэхэн сануулахад,
Тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбаын тусгай хамгаалалттайй талбай нь давхацсан тусгай зөвшөөрлийг цуцалж, эзэмшигчтэй нь хэлэлцэн тохирсны үндсэн дээр нөхөн олговрын зориулалтаар тусгай зөвшөөрөл шинээр олгох шийдвэр гаргахдаа н.Соргогбаатар захиралтай “Элбэг орд” компанид “Улаан сайр-1”, “Улаан сайр-2” буюу нийт 8397.7 га талбайг нөхөн олговрын зориулалттаар тусгай зөвшөөрөл шинээр олгосон байдаг. Үүнээс нь “Улаан сайр-2” талбайг нь н.Соргогбаатараас 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон түүний төрсөн дүү Э.Эрдэнэтөгс нар хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанид ердөө ТАВХАН САЯ төгрөгөөр худалджээ. Улмаар үүнээс тавхан сарын дараа “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбатын дөнгөж шинээр байгуулаад байсан “Бэст лэнд майнинг” компанид НЭГХЭН САЯ төгрөгөөр худалдсан юм.
Энэ талаар Ж.Эрдэнэбатын төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс нь “Хайгуул хийгээд юм гарвал чамд ашиг хүртээнэ. Тусгай зөвшөөрлөө Х.Эрдэнэбатад шилжүүлчих” гэсэн гэж мэдүүлсэн бол “Алтай групп”-ийн ерөнхийлөгч Х.Эрдэнэбат “Ж.Эрдэнэбат над руу яриад “Манай дүү Өмнөговьд нэг тусгай зөвшөөрөлтэй юм байна. Хайгуул хийгээд юм гарвал Ж.Эрдэнэтөгстэй хувь тохирч хувааж авъя” гэсэн” гэж мэдүүлсэн байдаг.
Эл хэргийн араас хуулийнхан шалгаж түүнийг ийнхүү яллагдагчаар татсан юм. Гэвч Ж.Эрдэнэбат яллагдагчаар татагдсан тогтоолтойгоо танилцахгүй зугтсаар өдийг хүрсэн. Тиймээс хуулийн байгууллага ийнхүү шүүхэд хандаж, түүнийг албадан ирүүлэх боллоо. Ингэснээр Ж.Эрдэнэбат албан ёсоор яллагдагчаар татагдаж, хэргийн материалтайгаа танилцах боломжтой боллоо. Ийнхүү Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нараас хуулийн байгууллагын хаалга татах хоёр дахь Ерөнхий сайдаар тэрбээр тодров.
Г.Нацаг