УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан юм. Гэвч түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 28-нд прокурорын хүсэлтээр энэ сарын 26-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм.
Учир нь тус өдөр Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон бөгөөд шүүх хуралдааны төгсгөлд Н.Номтойбаярыг "мөрдөгчтэй утсаар ярьсан" гэх үндэслэлийг прокуророос гаргаж ирсэн. Ингэснээр түүнийг анхан шатны шүүх хурал болтол буюу энэ сарын 26-ныг хүртэл цагдан хорих болсон. Шүүхийн эл шийдвэр нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гэдгийг Н.Номтойбаярын өмгөөлөгч А.Мандах сэтгүүлчдэд тайлбарласан. Тодруулбал, хэрвээ нэр дэвшигчийг цагдан хорих бол урьдчилж Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх учиртай аж.
Гэвч Н.Номтойбаярыг цагдан хорихдоо эл хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл учир шүүхэд гомдол гаргана гэж мэдэгдэж байв.
Хэдийгээр түүнийг ийн цагдан хоригдсон ч бие даан нэр дэвшигчийн үнэмлэхийг нь түүний аав Б.Нямтайшир өнөөдөр гардан авсан юм.
Энэ талаар тэрбээр "Миний хүү УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн. Харамсалтай нь, өөрийн биеэр бие даан нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авч чадсангүй. Би эцэг хүний хувьд хэдэн үг хэлмээр байна. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд СЕХ ажлаа хийсэнд баярлалаа. Гэтэл шүүхээс нэр дэвшигчийн эрхээ авсан байхад цагдан хорьсон. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Монгол Улсыг Азийн улс орнуудаас ардчиллыг цогцоор нь хөгжүүлсэн улс гэж үздэг.
Ийм атал миний хүү шоронгоос сонгуульд өрсөлдөхөөр боллоо. Ардчилсан нийгэм хаана байна вэ?
Энэ бол зөвхөн миний хүүгийн сонгогдох эрхийг зөрчөөд зогсохгүй Хан-Уул дүүргийн иргэдийн сонгох эрхийг зөрчсөн үйлдэл боллоо. Эрх мэдэлтний үгийг хууль мэт ойлгож, хэрэгжүүлдэг гажуудал тогтсон байна. Ардчилсан нийгэмд ийм тогтолцоо байж болохгүй. Үгээр нь яваагүй намын гишүүнээ, үнэнийг хэлсэн иргэнээ, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг төрийн зүтгэлтнээ ялладаг жишиг тогтож. Монголын нийгэм дэх бусармаг хэлмэгдүүлэлтэд миний өвөө, аав, би өөрөө өртөж явсан. Хэлмэгдүүлэлт ямар их гай зовлон авчирдаг вэ гэдгийг бид бүгд мэднэ. ХХ зуунд энэ бүхэн дууссан гэж бодсон. Гэтэл шинэ зуунд шинэ өнгө төрхтэйгээр оршин тогнож байгаа юм байна.
Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч "Хэрвээ СЕХ зөвшөөрөл өгөхгүй бол би шийдвэрээ эргэн харна" гэж хэлсэн юм билээ.
Үүнийг харах үлдлээ. Би өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг гардан авлаа. Шүүгч шийдвэрээ гардан авлаа. Хэрвээ миний хүүг суллахгүй бол би сонгуулийн сурталчилгааны ажилд нь идэвхийлэн оролцох болно. Энэ жилийн сонгууль хүчний тэнцвэргүй байдлаар эхэлж байна. Энэ ташрамд, миний хүүг дэмжсэн Хан-Уул дүүргийн нийт иргэд, МАН-ын эгэл жирийн гишүүдэд талархал илэрхийлье. Сонгогч та бүхний сонголт мэргэн байг. Би хуулийн байгууллагад ажиллаж байсан хүн.
Минийг хүүг эрүүгийн гурван хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэ бол улс төрийн зорилготой зохиомол хэрэг. Би өөрийн биеэр нягталж сайн үзсэн. Хэн үүнийг зохион байгуулсан бэ гэдэгт иргэд та бүхэн өөрсдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Сонгуулийн сурталчилгааг нь өнөөдрөөс эхэлнэ" гэлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (31)