УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулах болсон ч сонгуульд бие даан нэр дэвших эрхтэй болсон Н.Номтойбаярыг шүүхийн шийдвэрээр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь олон асуулт, шүүмжлэл, хардлагыг дагуулж байна.
Н.Номтойбаярыг дараагийн шүүх хурал болох хүртэл буюу зургадугаар сарын 26-ныг хүртэл цагдан хорих шүүхийн захирамж гарсан юм.
Түүний өмгөөлөгчийнх нь хэлснээр “Тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихоор болсон тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах ёстой. Учир нь, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвших үнэмлэхээ авахаар тогтоол гарсан. Энэ байдлыг шүүх мэдсээр байж ийм ажиллагаа явуулж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэж л харж байна” гэж байв.
Сонгуулийн ерөнхий хорооноос Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, батламжилсан нь үнэн л юм бол түүнийг хуулийн дагуу, холбогдох байгууллагад танилцуулсны үндсэнд саатуулах л учиртай. Гэвч нэр дэвших эрх нь баталгаажсан Н.Номтойбаярыг шүүхээс гэнэт саатуулах шийдвэр гаргаж, цагдан хорьсны ард улс төрийн эрх ашиг яваа гэх хардлагыг нийгэмд төрүүлээд байна.
Хэрвээ, Н.Номтойбаярын өмгөөлөгчийн хэлж, тодотгосноор түүнийг улс төрийн зорилгоор саатуулсан бол тэрбээр “Сод Монгол” группийн Ц.Анандбазарын түүхийг давтах нь.
2012 оны тавдугаар сарын 23-нд МАН-ын Бага хурал үүрийн 06.00 цаг хүртэл хуралдаж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байлаа. Тухайн үед Дорноговь, Говьсүмбэр аймгаас нэр дэвших эрхээ өвөртлөн гарч ирсэн Ц.Анандбазарыг Авлигатай тэмцэх газраас саатуулж, цагдан хорьж байв. Тэгэхэд намынхаа Бага хурлаас нэр дэвших эрхтэй болсон Ц.Анандбазарыг гарч ирэхэд нь Авлигатай тэмцэх газрынхан отож байгаад саатуулсан нь тухайн үед улс төрийн зорилготой байсан тухай хардлага нийгэмд гарч байсан юм. Ц.Анандбазар ч өөрийг нь улс төрийн зорилгоор хорьсон болохыг илэрхийлж, шоронгоос захидал илгээж байв.
Тэрбээр “Би та бүхэндээ өнөөдөр шоронгийн хавчиг өрөөнөөс бичиж байна. Өчигдөр МАН-ын Бага хурал хуралдаж, Монголын мянга мянган МАН-ын гишүүдийг төлөөлөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх итгэл зүтгэл, оюун билгээрээ шалгаран далан зургаан төлөөллөө сонгон баталсан өдөр АТГ намайг хилс хэрэгт сэжиглэн баривчилж, шоронд хорилоо.
Ард түмнийхээ амьдралыг өөрчилж, зовсон олон, ядарсан ард түмнийхээ төлөө тэмцэхээр зориг шулуудан сонгуулийн ажлаа эхэлж байхад баривчилсан нь эргэлзээгүй.
Найман жилийн өмнө шүүхийн шийдвэр гарч гэм буруугүй, хилс гүтгэснийг тогтоосон шийдвэрээс зориуд гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжигтнээр тооцон хорьж байгаа нь зөвхөн улс төрийн зорилготойг харуулж байна. Энэ бузар үйлдлийг Намын Бага хурлын шийд гарч ялагдсандаа хорсож, хэзээний луйвартаа гаршсан эрх мэдлийн төлөө хэнийг ч золиосолж чадах нам нэгт Ж.Батсуурь, худал хуурмаг амлалт, төр төвшин царайгаараа үнэн төрхөө нуун дарагдуулсан нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж байгааг ард түмэн та бүхэндээ сонордуулж байна” хэмээн мэдэгдэж байлаа.
Ийнхүү намаасаа нэр дэвших эрхтэй болсон Ц.Анандбазар хуулийнханд саатуулагдсанаараа 2012 оны УИХ-ын сонгуулийг өнжсөн юм. Хамгийн хачирхалтай нь, хуулийнхан Ц.Анандбазарыг ямар шалтгаанаар цагдан хорьсноо тайлбарлаагүй мөртлөө сонгуулийн дараа сулласан байдаг. Ингэхдээ түүнд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон юм.
Үүн шиг Н.Номтойбаярт Ц.Анандбазар дээр гүйцэтгэсэн ажиллагааг давтвал, тэрбээр энэ удаагийн сонгуулийг өнжих магадлал нь өндөр байна.
Өрсөлдөгчөө харлуулдаг, нухчин дардаг, бүр цагдан хориулдаг Монголын улс төрд тогтсон танил технологи Н.Номтойбаяр дээр давтагдах нь.
Гэхдээ урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр цагдан хоригдож, анхан шатны шүүх хуралдаан зургадугаар сарын 26-нд болох товтой учраас бие даагч Н.Номтойбаярын нэр дэвших эрхтэй нээлттэй хэвээр гэсэн үг. Учир нь, түүний гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоож, шүүгч алхаа цохиогүй байна.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (10)