УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болсон. Хуулийн хүрээнд дүүргийн сонгогчдоос гарын үсэг цуглуулж, холбогдох материалаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсний дагуу албан ёсоор нэр дэвших эрхтэй болсон билээ. Гэвч тэрбээр сонгуульд өрсөлдөх боломж хумигдлаа. Учир нь Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүх хурлаар мөрдөн шалгалтын явцад цугларсан хэргийн нотлох баримт бүрэн цугларсан эсэх, гэм буруугийн шүүх хурлыг товлох эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд урьдчилсан хэлэлцүүлэг дуусч шүүгч нар эцсийн шийдвэрээ гаргах мөчид прокуророос шүүх бүрэлдэхүүнд мэдээлэл гаргаж өгсөн байна.
Энэ нь Н.Номтойбаяр мөрдөгчтэй утсаар ярьсан гэдэг үндэслэл.
Уг мэдээллийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцсэний эцэст гэм буруугийн шүүх хурлыг ирэх сарын 26-нд буюу УИХ-ын сонгууль болсноос хойш хоёр өдрийн дараа товлож, тэр болтол Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргав.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар авч явлаа.
Ингэснээр түүний ирэх сонгуулд өрсөлдөх, бүр цаашлаад саналаа өгөх эрх хязгаарлагдах эрсдэлтэй боллоо.
Энэ талаар түүний өмгөөлөгч Н.Мандах хэд хэдэн зүйлийг хэлсэн. Тухайлбал, "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргаагүй хэрнээ шүүх хурал дуусах үед мэдээлэл гаргаж өгсөн. Мөрдөгчтэй утсаар ярьсан гэдгийн нотолгоог танилцуулаагүй. Хэрвээ нотолгоо гаргаж өгсөн бол өмгөөлөгчийн хувиар танилцах боломжтой байсан.
Нөгөөтээгүүр, түүнийг цагдан хорьсон нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэрвээ нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих бол СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. Гэтэл тийм процесс болоогүй. Энэ утгаараа хууль зөрчсөн үйлдэл, цаашлаад улс төрийн зорилготой алхам. Тиймээс шүүхэд гомдол гаргана гэдгээ мэдэгдлээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (3)