УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн Н.Номтойбаяр Хан-Уулд бие даан нэр дэвшихээр болсон. Хуулийн хүрээнд тэрбээр тус дүүргийн сонгогчдоос гарын үсэг цуглуулж, холбогдох материалаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байв.
Сонгуулийн ерөнхий хорооноос ч түүний бичиг, баримтыг хуулийн шаардлага хангасан гэж үзэн нэр дэвшигчээр бүртгээд байсан юм.
Гэвч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргажээ. Энэ талаар Н.Номтойбаяр "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын үг, улс төр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо.
Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 дүгээр хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой.
Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!" хэмээн цахим хуудастаа бичжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулахаар, авч явжээ.
Уг нь Чингэлтэй дүүргийн шүүхээс хорих тогтоол гаргах байсан бол Сонгуулийн ерөнхий хороо анхнаасаа Н.Номтойбаярыг бүртгэхгүй материалыг нь буцаах байв.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзаж, материалыг нь буцааж байсан шиг. Гэвч Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор батламжаа гардаж, бие даан нэр дэвших эрх нь нээлттэй болсон Н.Номтойбаярыг гэнэт хорих шийдвэр гарсны ард хэн нэгний ашиг сонирхол, захиалгатай улс төр байв уу гэсэн хардлагыг төрүүлж эхлээд байна.
Нийслэлийн прокуророос Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих саналыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүргүүлсэн байдаг ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн байдаг.
Г.Эрхэс
Сэтгэгдэл (72)