24tsag.mn сайт УИХ-ын 2020 оны сонгуульд нам, эвслүүдээс өрсөлдөх эрхээ авсан эмэгтэй нэр дэвшигчдийн ажлын дадлага туршлага, боловсролыг танилцуулж байгаа билээ. Энэ удаад АН-ын эмэгтэй нэр дэвшигчдийн талаар танилцуулж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа /Завхан аймгийн есдүгээр тойрог/
ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийг эрх зүйч, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч-санхүүч мэргэжлээр төгсөж, Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалжээ.
Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, “Монгол шуудан” банкны Дэд захирал, “Хадгаламж” банкны Гүйцэтгэх захирлын орлогч, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Завхан аймгин Ардчилсан намын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалыг хашдаг байв. 2016 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг /Дорнод аймгийн долдугаар тойрог/
Тэрбээр 1982-1988 Орос хэлний Багшийн дээд сургууль, 1999-2001 Удирдлагын академи, 2000-2001 Хүмүүнлэгийн ухааны их сургууль, 2002 оноос Москвагийн их сургуулийн гадаад хэлний дээд сургууль, 2007-2008 Австрали улсын Latrob-ийн их сургууль тус тус дүүргэжээ.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 жилийн багш, Цагдаагийн академид ахлах багш, БСШУСЯ-ны мэргэжилтэн, “АПУ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байв. Түүнийг хамаарал бүхий этгээдээр дамжуулан ЖДҮ-ээс 500 сая төгрөгийн зээл авсан гэж яригддаг.

Хүний их эмч Д.Эрдэнэсувд /Төв аймгийн 14 дүгээр тойрог/
Эмч мэргэжилтэй тэрбээр Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалт, хөгжлийн газрын дарга, Төв аймгийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр ажилладаг.

АН-ын гишүүн Б.Баярмаа /Хөвсгөл аймгийн 17 дугаар тойрог/
Түүнийг “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагаар нь нутгийнхан нь андахгүй мэддэг. Мөн Хөвсгөл аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилдаг.

Ерөнхийлөчийн орон тооны бус зөвлөх, эдийн засагч Д.Үүрийнтуяа /Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрог/
Эдийн засагч, Эрх зүйч, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр цолтой. Орос, англи хэлтэй.
Баянгол дүүргийн АН-ын ХЭГ-ын дарга, УНДСА-дын ҮЭХ-ны даргаар, Баянгол дүүргийн НДХ-т орлого, хяналтын тасгийн дарга, УНДЕГ-т Сургалт, маркетингийн албаны дарга, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намд ХЭГ-ын дарга, Сэлэнгэ аймгийн МҮАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан, сэтүүлч О.Батханд /Говь-Алтай аймгийн тавдугаар тойрог/
Тэрбээр “ТВ-9”, “ETV” телевиз болон “Media group”-ын хэвлэл мэдээлэл хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан. Телевизийн салбарт 10 гаруй жил ажиллаж байгаа. Олон Улсын сэтгүүлч, эрхзүйч мэргэжилтэй. Мөн АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.

НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг /Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрог/
Монгол Улсын их сургууль, Удирдлагын академийг төгссөн. Хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. УИХ-ын гишүүний туслах, Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, Монголын нотариатчдын танхимын нотариатч, “Автобус-1” НӨҮГ-ын захирал, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байжээ.
2012, 2016 онд АН-аас нэр дэвшиж НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр албыг давхар хашдаг. “Алтангадас” одон, Хууль зүйн тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байжээ.

Хуульч Р.Булгамаа /Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойрог/
ИЗНН-ын дарга С.Оюуны гарын шавь. Түүнийг улс төрд хөл тавиулсан нэгэн ч гэж ярьдаг юм. Өнгөрсөн сонгуулиар ИЗНН-ын дарга С.Оюун АН-тай нэгдэхдээ өөрийн шавь Р.Булгамааг АН-д элсүүлж, Баянзүрх дүүргээс нэр дэвшүүлсэн ч УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт ялагджээ.
Р.Булгамаа нь Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Иргэний эрх зүйч, Захиргааны эрх зүйчээр мэргэшсэн. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг.

УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа /Баянгол дүүргийн 26 дугаар тойрог/
Санкт Петербургийн улсын их сургууль, Бизнесийн удирдлагын сургуулийг тус тус дүүргэсэн. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй.
Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны мэргэжилтэн, “Сод Трейд” ХХК-ийн ерөнхий захирал, “Лотс инвест” ХХК-ийн ерөнхий захирал, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Эдийн засгийн форумын (MEF) олон нийтийн зөвлөлийн гишүүн, “Иргэн Та баялаг” сангийн тэргүүн, Баянгол дүүргийн АН-ын дэд дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Одоо Баянгол дүүргийн Засаг даргаар ажилладаг.

Сэтгүүлч, “TВ2” телевизийн ерөнхий захирал Д.Энхтуяа /Дархан-Уул аймаг 19 дүгээр тойрог/
Тэрбээр МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан. Одоо TV2 телевизийн захирлын албан тушаалыг хашиж байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг / Багахангай дүүргийн 21 дүгээр тойрог/
НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын албыг хашиж байгаад 2017 оноос хойш Багахангай дүүргийн Ардчилсан намын хорооны даргаар намын гишүүдээсээ сонгогдон ажиллаж байна.

АН-ын гишүүн П.Пунсалмаа /Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрог/
МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр 2002 онд төгссөн. Одоогоор “М-Ойл” ХХК-ны захирлын албыг хашиж байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн А.Адьяасүрэн /Баянхонгор аймгийн гуравдугаарт тойрог/
Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Монгол Улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, “Номгон Санчир” групп-ын ерөнхий захирлаар ажилладаг. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй. Өмнөговь аймгийн Тавантолгой Ухаахудгийн уурхайгаас Гашуунсухайт-БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд тээвэрлэлт эрхэлдэг гурван аж ахуйн нэгжтэй аж. Тодруулбал, “Сан тээвэр групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Тэнгри транс групп” ХХК, “Ульгансар транс” ХХК-ийн захирлын албан тушаалыг давхар хашдаг гэх мэдээлэл бий.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга /Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойрог/
Г.Уянга нь 1993 онд 10 жилийн 40 дүгээр дунд сургууль, 1999 онд Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч, 2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. 1998 онд телевизийн нэвтрүүлэгч, сурвалжлагч, 2001-2004 онд Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн, 2004-2009 онд “Монгол таймс” сонины эрхлэгч, 2009-2010 онд “Улс төрийн сонин”-ы эрхлэгч, 2010-2011 онд МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Одоо Ерөнхийлөгчийн Иргэний эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (11)