Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын гишүүд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байхаар зохицуулсан. Дээрх асуудал яригдаж байх үедэ УИХ-ын эмэгтэй гишүүд болон улстөрийн намуудын зарим төлөөлөл төрийн эрх барих дээд түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж квотыг 30 хувьд хүргэх санал гаргасан ч дэмжигдээгүй юм. УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд хуулийн дагуу эмэгтэй гишүүдээ сонгон нэр дэвших эрх олгосон. 24tsag.mn сайт ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ авсан эмэгтэйчүүдийн ажлын туршлага, боловсролын талаар онцлон хүргэж байна. Энэ удаа МАН-аас өрсөлдөх эрхээ авсан 13 эмэгтэй нэр дэвшигчдийн талаар танилцуулж байна.
1.УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг /6-р тойрог Дундговь, Говьсүмбэр аймаг /

Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч, мөн МУИС-ийг хэл шинжлэлийн магистр зэрэгтэйгээр төгссөн.
“Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” сонинд ажиллаж байгаад 2000-2004 онд “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан, 2004-2009 онд “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2009-2016 онд Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал 2016 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
2. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг / 22-р тойрог Баянзүрх дүүрэг /

Тэрбээр ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуулийг Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжлээр, ШУТИС-ийг мастерийн зэргээр төгссөн. НИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2016 оны УИХ сонгуульд ялалт байгуулан ажиллаж байна.
3. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг /29-р тойрог Чингэлтэй дүүрэг/

ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер, АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер тус тус төгссөн. 1995-2009 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч, 1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал, 2009-2012 онд ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, 2013-2015 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх, 2013 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирал, 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүн, 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
4. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл / 29-р тойрог Хан-Уул дүүрэг /

Д.Сарангэрэл нь ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр, ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрээр ТV5 телевизийн захирал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж УИХ гишүүнээр ажиллаж байна. 2017 оноос Эрүүл мэндийн сайдаар ажиллах болсон.
5. УИХ-ын гишүүн асан Т.Ганди / 12-р тойрог Сүхбаатар аймаг /

Сэтгүүлч мэргэжилтэй. Тэрбээр Ардын бага хурал, Их хурлыг сурвалжилж байсан. Парламентын сэтгүүлчээс УИХ-ын гишүүн болтлоо дэвшин ажилласан. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон Т.Ганди 2004-2008 онд Эрүүл мэндийн сайдаар ажилласан. Үүний дараа Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан юм.
6.Сангийн дэд сайд Х.Булгантуяа /Баянзүрх дүүргийн 27 дугаар тойрог/

Х.Булгантуяа нь БНХАУ-ын Дундад Хятадын Их сургуульд шилжин суралцаж, эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг, АНУ-ын Ейлийн их сургууль (Yale University)-д олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэг тус тус хамгаалсан. Олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засагч мэргэжилтэй. Одоо Сангийн дэд сайдаар ажиллаж буй.
7. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг / УИХ-ын 3-р тойрог Баянхонгор аймаг /

1996 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль, 2000 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, 2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй. Англи, орос хэлний мэдлэгтэй.
1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга, 2010-2011 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2011-2012 онд МАН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх, 2016 оноос Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байна.
8. БСШУСЯ-ны ТНБ-ийн дарга асан Б.Баярсайхан / 9-р тойрог Завхан аймаг/

Нийслэлийн арван жилийн 51 дүгээр дунд сургуулийг 1987 онд төгссөн. 1996 онд УБДС, 1999 онд BBC телевиз өргөн нэвтрүүлгийн сургалт мөн ондоо багтаж Израйлийн Гадаад хэргийн яамны сургалтын төв, 2000 онд Ирландын Дублины англи хэлний сургууль, 2002 онд АНУ-ын Вашингтоны үндэсний их сургууль, 2004 онд Удирдлагын институт, 2012 онд АНУ-ын Удирдлагын институтыг тус тус дүүргэжээ. “MCS” группийн PR менежер, 2016 оны аравдугаар сард БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон.
9. Ерөнхий сайдын зөвлөх, МБҮА-ийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор /Сэлэнгэ аймаг/

МУИС-ийн ОУХДС-ийг Гадаад харилцаа дипломатч олон улсын судлаач мэргэжлээр, Гүрэн их сургуулийг Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. 2018 оноос МЭХ-ны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна.
10. МУИС-ийн доктор, профессор Ч.Ундрам / 13-р тойрог Сэлэнгэ аймаг /

Тэрбээр МУИС-ийн сургалтын нэгдсэн албаны дарга, захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байв. Ч.Ундрам 1998 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгсөөд 1999 онд АНУ-ын Хойд Каролина мужийн ахлах сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцжээ. Улмаар ИБУИНВУ-ын Лондон хотод Бизнесийн удирдлагын Бакалавр, Магистрын зэрэг хамгаалсан.
2010 онд Япон улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, Зочин судлаачаар ажиллан, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба симуляц дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.Мөн 2015 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор Дэд профессор цол хүртсэн.
11. МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл / 20-р тойрог Орхон аймаг /

Б.Оюунгэрэл нь Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн, “Сайны төлөөх өөрчлөлт” ТББ-ын тэргүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Олон нийт хариуцсан зөвлөх зэрэг олон нийтийн ажил эрхэлж байжээ. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн хууль эрхзүйч мэргэжилтэй бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний болон Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан туршлагатай.
12. МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, доктор Ц.Мөнхцэцэг / 24-р тойрог Сүхбаатар дүүрэг /

“Өнөөдөр” сонины олон улсын мэдээний тоймч орчуулагч, МУБИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, тэнхмийн эрхлэгч, Нийгмийн ухааны тэнхмийн дэд профессор, ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охойя их сургуулиудад зочин судлаач, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр ХБНГУ-ын Кобленц Ландау их сургууль, АНУ-ын Охайо мужийн их сургуульд зочин судлаачаар ажилласан. Мөн олон улсын болон үндэсний хэмжээний 20 гаруй бодлогын болон харьцуулсан судалгааны эксперт, зөвлөхөөр ажилласан улс төрийн коммуникаци, сонгуулийн кампанит, улс төрийн намын асуудлаар мэргэшсэн эрдэмтэн юм.
1993-1997 онд МУИС-д суралцаж улс төр судлалын бакалаврын зэрэг, 1997-1999 онд МУИС-ийн магистрантурт суралцаж “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс олон нийтийн санаа бодолд үзүүлэх нөлөөлөл” сэдвээр улс төр судлалын магистр, 2006-2008 онд МУБИС болон ХБНГУ-ын Билефельд их сургуулийн докторантурт суралцаж 2009 онд “Сонгуулийн кампанийн коммуникаци: Монгол улсын жишээн дээр” сэдвээр улс төр судлалын доктор, 2015 онд МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор МУБИС-ийн Дэд профессор эрдмийн цол тус тус хамгаалжээ.
12. Хөтлөгч П.Анужин /Сонгинохайрхан 27 дугаар тойрог/

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээр танил болсон хүн бол П.Анужин. Улсын тэргүүний 13 дугаар сургуулийг дүүргэж, МУИС-ийн Гадаад харилцаа, япон хэлний анги төгссөн. МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн.
13. Хөтлөгч Б.Жаргалмаа /Сонгинохайрхан дүүргийн 28 тойрог/

Түүний ажлын гараа 1992 онд МҮОНРТ-ээс эхэлж туслах найруулагч, ассент найруулагчаар ажиллаж “Харц” нэвтрүүлгийг хөтөлж 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл “Ийгл” телевизэд ажиллаж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (44)