УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албаныханд дараах чиглэлийг өглөө.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид хэдий чинээ бэлтгэлээ хангаж чадна төдий чинээ эрсдэлийг хохирол багатай даван туулна. Эмч ажилтны эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй байна. Өвчтөнтэй хамт 14 хоног тусгаарлагддаг. Тиймээс тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэхийг УОК-ын даргад үүрэг болгож байна. Мөн эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж эрсдэлд суурилсан төлөвлөгөө батлах ёстой. Зөөвөрлөгдөн орж ирсэн халдвар тархахаас сэргийлэх ёстой. Хэрвээ халдвар тархсан тохиолдолд бэлтгэлээ бүрэн хангасан байх ёстой. Үүнд аймаг, сумдын удирдлагууд анхаарч ажиллах ёстой. Мөн иргэдийн сэтгэл зүйг бэлтгэх хэрэгтэй.
Бид үхэх сэхэхээ үзэлцэж байна. ДЭМБ-ын дарга “Манай дэлхий хуучин хэвэндээ орохгүй” гэж хэлсэн. Энэ үнэн.
Ирэх сарын 2-ноос сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Нэр дэвшигчид иргэдтэй уулзана. Энэ үеэр анхаарал сонор сэрэмжтэй байх ёстой. Би өчигдөр зарим нэг сумдаар орлоо. Сумын Онцгой комисс бэлтгэлээ сайтар хангасан байна. Сайшаалтай. Сурталчилгааны үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг сайтар баримтлах ёстой. СЕХ болон УОК хамтарч ажиллах ёстой. Төрийн сонгуулийг явуулахад төрийн байгууллага дэмжиж ажиллах ёстой. Энэ бол үүрэг нь. Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, "Амны хаалтаа зүүе" аяныг үргэлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Ард иргэд амны хаалт зүүхдээ хойрго хандаж байна. Ингэж болохгүй. Олон нийтийн байцаагчийн шаардлагыг иргэн бүр биелүүлэх ёстой.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл баталгаат эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хандалт авахын тулд олон нийтийг сандралд оруулсан мэдээ цацсан хэрэг гарсан.
Ингэж болохгүй. Бид цар тахлыг хамтдаа даван туулна. Голын эргээр зугаалах, тоглоомын талбай дээр олноор цуглах нь эрсдэл дагуулна. Олон нийтийн газарт цугларахгүй байх, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн гэлээ. Иргэд ажлын байргүй болж, эдийн засгийн хямралд өртөж байгаа нь үүнд нөлөөлсөн байх.
Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтийг чиглэсэн соён гэгээрүүлсэн мэдээ, мэдээлэл нэвтрүүлэг бэлтгэн цацах хэрэгтэй байна.
Гадаад дахь иргэдийн амьдрал хүндрэлтэй байгааг ойлгож байна. Нийт 72 мянган иргэх хүсэлт гаргаснаас 60 мянга орчмыг нь авчирсан. Үлдсэн 10 гаруй иргэнийг үе шаттай авчирна.
Бид нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай байж чадсны хүчинд дотооддоо халдвар тархахаас сэргийлж чадлаа. Гадаад дахь иргэд хүнд байдалд байгааг ойлгож байна. Гэвч өлсгөлөн зарлах, суулт хийх зэргээр эсэргүүцэл зарлана гэсэн. Дотоодын нөөц боломжоо тооцоох хэрэгтэй байна. Бид бүх иргэдээ нэг амьсгаагаар авчрах боломжгүй. Улс үндэстний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй. Тооцоо судалгаагүйгээр асуудалд хандвал Монгол Улс аюулд өртөнө. Тиймээс үе шаттай иргэдээ татаж байна. бидний боломж энэ. Үүнийг нийт иргэддээ хандаж хэлмээр байна.
Улсын хил нээхгүй. Одоогоор, хэзээ нээхийг би хэлж чадахгүй.
Бид дайны үед амьдарч байна. Цар тахал бол дайн шүү.
Нийтийн эсрэг мэдээ, мэдээлэл тараавал улс үндэстний эсрэг үйлдэл гэж тооцно. УОК-оос гаргасан шийдвэр хүн бүрт таалагдахгүй. Гол нь нийтийн эрх ашгийн төлөө гэдгийг бодолцох ёстой. УОК гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх ёстой. Улс төр, нийгмийн уур амьсгалд нийцүүлж гаргасан шийдвэрээсээ буцаж болохгүй. Шат шатандаа засагла гэж би хэлсэн. Төр засаглах үүрэгтэй. Тэр дундаа дэлхий нийтээрээ дайны байдалд шилжсэн энэ үед төр засаглах үүрэгтэй. Эцэст нь бид коронаг эмчлэх вакцин хийсний дараа бид амар тайван амьдарна. Тэр болтол хатуу чанд шаардлага тавина. Тиймээс холбогдох албаныханд чиглэл өгч байна” гэлээ.
Г.Нацаг
Сэтгэгдэл (19)