УИХ-ын ээлжит сонгуулийн чимээтэй зэрэгцээд орон нутаг, нийслэлийг чиглэсэн “царцааны” нүүдэл сүүлийн нэг жилийн дотор эрчимжсэн гэх мэдээлэл байна. Хамгийн наандаж л Завхан аймаг руу 300-1500 орчим “царцааны” нүүдэл сүрэглэн хөдөлсөн гэх мэдээлэл цацагдлаа.
Завханд хэн хэн өрсөлдөх бэ?
Завхан аймагт энэ удаагийн сонгуульд эрх баригч намаас гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, харин АН-аас УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн Засаг дарга буюу Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Д.Батсайхан, МАХН буюу “Та бидний эвсэл”-ээс Э.Гүндсамбуу, Д.Эрдэнэцогт болон бусад бие даагч нэр дэвших тов гарсан. Эдгээрийн дундаас АН, МАН-ы дунд хүчтэй өрсөлдөөн өрнөх дүр зураг ажиглагдаж буй.

Нэр дэвшигчид дундаас З.Нарантуяа гишүүний хувьд одоогийн парламентийн нэг эд, эс нь.
Өмнөх сонгуульд ах, дүү Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу нарын “зодоон”-ыг далимдуулж азаар сугарч гарсан гэхэд болно. Парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдээс чамгүй хүчтэйд тооцогдож ирсэн тэрбээр АН-даа ч нэр хүндтэй. Энэ утгаараа Завхан аймгийг чиглэсэн усалгааг чамгүй хийсэн гэхэд болно.
Намтарын хувьд Эрхүүгийн Улсын их сургууль, Колумын их сургуулийг тус тус дүүргэсэн тэрбээр гэрлийн хурдаар шат ахисан нэгэн. “Монгол шуудан” банкны дэд захирал, Хадгаламж банкны гүйцэтгэх захирлын орлогч зэргээр хувийн хэвшилд томоохон алба тушаал хашиж явсан. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, УИХ-ын Эдийн засгийн бодлогын зөвлөх, Завхан аймгийн АН-ын хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Харин түүнтэй хамт аймгийн Засаг дарга Д.Батсайхан зуузай холбон горилж байна.
Түүний хувьд хэвлэлтэй хамгийн ойр ажилласан Засаг дарга нарын нэг гэхэд болно. Өдөр тутмын сониноор аймагтаа хийж бүтээсэн, авч хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тасралтгүй танилцуулж ирсэн цорын ганц Засаг дарга гээд хэлчихвэл нэг их буруудахгүй. Энэ ч үүднээс Их хуралд гарах бэлтгэлээ эртнээс эхлүүлсэн. Завхан аймгийн уугуул, эдийн засагч мэргэжилтэй, АНУ-д эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Ажлын гараагаар МУИС-аас эхлүүлж, “Хас” банкны Завхан аймгийн салбарын захирлаар ажиллаж улмаар “Хаан” банкинд 2004-2013 он хүртэл удирдах албан тушаал хашиж байгаад Төрийн банкны захирал, зөвлөхөөр ажилласан. Ингээд УИХ-ын 2016 оны сонгуульд АН Завхан аймагт ялалт байгуулахад квотоор Засаг дарга болсон. Энэ хугацаанд АН-ын шат шатны байгууллагад ажилласан.

Тэгвэл МАН-аас нэр дэвшиж буй гарьд Ц.Цэрэнпунцагийн хувьд Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат. МАН-ын гишүүн болоод нэг их удаагүй.
Улс төрд орох эхлэлээ МАН-ын Бага хурлын гишүүн болсноор тунхагласан. УИХ-ын 2016 оны сонгуулийн нэр дэвшигчдийн жагсаалтад орох тухай таамаг байсан ч Ш.Батсамбууд квот нь шилжсэн. Инженер мэргэжилтэй, Америкт боловсрол дээшлүүлсэн. “Жем” группийг үүсгэн байгуулсан цагаасаа топуудын эгнээнд багтааж чадсан амжилттай яваа бизнесмэн. “DDish”, “SPS TV”-ийг үүсгэн байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй. Австралийн Перт хотод төвтэй “Aspire Mining” компанийн хувьцааны 51 хувийг эзэшдэг. Тус компани нь Хөвсгөл аймгийн нутагт “Овоот” өндөр чанарын коксон нүүрсний ордыг эзэмшдэг бөгөөд төслийн эхний шат үргэлжилж байгаа аж. Хэрвээ тэрбээр сонгогдвол уул уурхайтай улстөрчдийн эгнээг нэгээр өргөтгөнө.

Түүнтэй хамт нэг тойрогт хүч нэмэхээр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан нэр дэвшсэн. Түүний хувьд жүжигчин Б.Амарсайханы төрсөн эгч гэдгээр олны танил болсон.
Аав нь Төв аймгийнх, ээж нь Завханых. Салбар яамны Төрийн нарийн бичгийн даргын хувьд Завхан аймагт цөөнгүй удаа ажилласан. Анхнаасаа Завханд өрсөлдөнө гэж төлөвлөгөөгүй гэх. Гэсэн ч нэр дэвшихээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгснөөр бэлтгэл ажилдаа орсон. Тойргийн хувьд хэд хэдэн хувилбар яригдсаны эцэст Завханд нэр дэвшихээр болсон.
Тэгвэл МАХН-аас эрдэмтэн Э.Гүндсамбуу, Д.Эрдэнэцогт нар нэр дэвшинэ. Улс төрийн замнал багатайн дээр улс төрд томоохон албан тушаал хашиж байгаа хүмүүс. Энэ утгаараа Завханд намын нэрээр гарахаар горилж буй. Энэ ч үүднээсээ царцаа нүүлгэсэн гэх дуулианд нэр холбогдохгүй нь дамжиггүй.

Эдгээрээс гадна тус тойрогт Нарантуул захын босс, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нэр дэвшихээр болсон.
Түүний хувьд өмнө нь Завханаас сонгогдож байсан. 2012 онд дахин өрсөлдөх гэсэн боловч намын дэмжлэгий авч чадаагүй учир 2016 онд Х.Уянгын Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас нэр дэвшсэн ч АН-ын З.Нарантуяад өвдөг шороодсон. Энэ утгаараа тус тойргийн хүчтэй өрсөлдөгч болох магадлалтай. Үүндээ ч эртнээс бэлтгэсэн. Учир нь энэ удаагийн сонгууль бол түүнд үлдсэн ганц боломж бас ирээдүйн төлөвлөгөөнийх нь эхлэл. Тиймээс алдаж болохгүй ганц боломжоо авахаар бүх хүчээрээ дайрах нь дамжиггүй.
Ийнхүү Завханд хүчтэй өрсөлдөөн өрнөх төлөвтэй. Үүнд хэн, хэдэн царцаа нүүлгэж аваачсан нь өнгөлөх магадлал өндөр.
МАХН-ын эрдэмтэн хоёр дэвшигчийн хувьд халаас нимгэнтэй учир царцааны эзний жагсаалын гадна үлдэх нь лавтай. Харин үлдсэн нэр дэвшигчид дундаас Завханыг зорьсон царцааны эзэн тодрох нь дамжиггүй. Тэр царцааны эзэн хэн бэ???
Сэтгэгдэл (7)