Энэ удаагийн парламент трэнд хэдэн үгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Билэгт гэхэд чуулганы үеэр “Шударга ёс, өвөл болохоор хүйдэрдэг” гэдэг үгээ бага зэрэг хазайдуу хэлсэн нь элэглэлийн баатар болонгоо алдаж байв.
Тэгвэл нийтийн дууны ханхүүгээс УИХ-ын гишүүн болсон С.Жавхлан АН-ын ҮБХ-ны хурлын үеэр Увс аймгаас нэр дэвших квот өвөртөлсөн. Ийн хүссэн мэдээгээ сонссон тэрбээр "Увсад нэр дэвших нь миний хувь тавилан юм даа" гэж хэлсэн бас л трэнд болсон.
Нэр дэвших квот өвөтлөхийн төлөө “Хонхны дуу”-г юуны өмчлөгчөөс нь зөвшөөрөл авахгүйгээр дуулсан нь нэг талдаа АН тал засах ашигтай хувилбар байсан ч хууль зөрчсөн хэргээр шүүхэд дуудагдах дээрээ тулаад буй.
Тэгвэл АН-ын шинэ гишүүн О.Баасанхүү мөн трэнд үг гаргаж ирэв. Энэ нь “Ууж чаддаггүй мөртлөө архи уусан”. Учрыг сийрүүлбэл, түүнтэй холбоотой ноцтой бичлэг өнгөрсөн даваа гарагаас эхлэн цахим хуудсаар цацагдаж эхэлсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “дэслэгч О.Баасанхүүгийн бичлэг шиг маш олон бичлэг удахгүй цацагдана” гэж хэлсэн юм. Сонгууль дөхөөд ч тэр үү, гишүүд бие биедээ өгөөш хаяж, уралцаж байгаа нь нэг талаараа ёсзүйгүй, увайгүй гэж хэлж болохоор. Нөгөөтээгүүр, иргэд сонгогчдод ирэх дөрвөн жилийнхээ зураглалыг зөв гаргахад чиг гаргах нь дамжиггүй.
Гишүүн О.Баасанхүүтэй холбоотой бичлэг гарсантай зэрэгцэн тэрбээр “шударга тав”-ын Эрдэнэт үйлдвэрт хийсэн наймааг шалгуулна хэмээн АТГ-д хандсан юм. Ингэж л гишүүд өөр хоорондоо нэхий дээлээ уралцаж байна.
Түүний хувьд уг бичлэг цацагдсаны дараа иргэдэд улам ойр байж, зөв мэдээлэл түгээх боломжтой боллоо гэх агуулгатай мэдэгдэл маягийн зүйл хийв. Үүнтэй зэрэгцэн УЕП-ын газарт бичгээр хандаж “IT, программист болон технологийн дэвшил ашиглаж, нэг минутын бичлэгийг хэдэн минут ч болгож засаж байна. Энэ бол улстөрийн том явуулга учир шалгаж өгнө үү" гэж гэсэн. Үүний дараа энэ бичлэг бол эвлүүлэг гэсэн. Эвлүүлэг гэдэг үгнээс нь үзвэл энд тэнд хэлсэн яриаг нь өөр хооронд эвлүүлж, холбосон, цаашлаад ийм уулзалт болоогүй юм байна гэж ухаж ойлгохоор. Гэвч эл няцаалтаасаа 24 цагийн дотор ухарч буцсан юм. Тодруулбал, тэрбээр өчигдөр цахим хуудсаараа дамжуулан “Тэр бичлэгт би байсан нь үнэн. Гэхдээ дөрвөн минут биш. Маш олон цаг минутын уулзалт байсан. Энэ уулзалт 2018 онд болсон. Тухайн үед Ж.Батзандан намайг Хойд Солонгос руу томилолтоор явах гэж байх үед Б.Хурц гэдэг хүнийг Өмнөд Солонгос руу Элчингээр томилох гэж байсан. Энэ үед “О.Баасанхүү бол баас. Б.Хурцын хонины хонхорт байдаг” гэж хэлсэн байсан.
Би МАХН-аас ганцаараа сонгогдсон. Хувь хүн хувийн мөнгөөрөө буюу 127 сая төгрөгөөр хурал хийсэн байсан.
Мөнгө дууссан. Нөгөө талаар Б.Хурц гэдэг хүн УИХ-д хэл аманд орчихсон, доромжлуулсан байсан болохоор нь очиж уулзсан. "Б.Хурц аа, сайн байна уу, хоёулаа найзалъя. Чамайг яагаад гүтгэж доромжлоод байдаг юм бэ. Чи яг юу хийсэн юм" гэж асуусан. Тэгээд би зовлонгоо ярьсан юм. "Надад мөнгө зээлээч. Сард найм, жилд 96 сая төгрөг юм байна. Одоогоор 100 гаруй сая төгрөг, багаар бодоход 50 мянган ам.доллар. Хоёр жилээр бодоход 100 мянган ам.доллар буюу ойролцоогоор 200 орчим сая төгрөг хэрэгтэй" гэхэд намайг "Т.Бадамжунай гэх хүнтэй уулзах уу" гэсэн. Би "Тэгье" гэсэн.
Тухайн үед миний хамгийн том алдаа бол ууж чаддаггүй мөртлөө архи уусан явдал. Ингээд л яриа болсон. Энэ хүн мундаг тагнуул. Тагнуулын хажууд би бол зүгээр л дэслэгч гэх зэрэг эрчүүдийн л саваагүй яриа” хэмээн тайлбарласан юм.
Тухайн үедээ эвлүүлэг гэж мэлзэж байсан тэрбээр уулзаж тухайн асуудлыг ярьсан болох нь эл тайлбараар батлагдах биш.
Гэхдээ хэсэг үгийг нь эвлүүлж олон нийтэд буруу ойлголт төрүүлж байна гэх. Мөн архинд халамцсан эрчүүдийн саваагүй яриа гэх.
Энэ удаагийн парламентад МАХН-ын төлөөлөл болж сонгогдсон О.Баасанхүү гишүүний хувьд харьцангуй нэр цэвэр, хэлсэн үг нь хоосонгүй гэсэн итгэл найдварыг иргэдийн дунд тээдэг байсан. Зарим нэг асуудал дээр битгий ингэж булзайруул, үнэнээ хэл гэх зэргээр хүчтэй шүүмжилж чаддаг байснаар нь иргэд сайшаадаг байсан юм. Гэвч өөр дээр нь асуудал тулаад ирэхээр "Эвлүүлэг" гэсэн тайлбар хийв. Чухам алин нь үнэн юм бэ. О.Баасанхүү гишүүнээс “ам” асууя.
Б.Лхам
Сэтгэгдэл (19)