Өнөөдөр Улаанбаатар-Ханой-Дели-Ханой-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр Энэтхэг улс дахь 146 иргэн эх орондоо ирсэн билээ. Уг онгоц нь замдаа Ханойд газардаж сумлалт хийсэн. Ингэхдээ Вьетнамаас 12 иргэнээ мөн авчирсан юм. Үүний шалтгаан нь МИАТ компаниас хэдийгээр жижиг оврын БОИНГ-737 онгоц нь хөөргөсөн ч сул суудал олон байсан учир ийнхүү Вьетнамаас ирэх хүсэлтэй иргэдийг татсан байна.
Тэгвэл уг асуудлаар Энэтхэг дэх иргэдийн дунд зөрүүтэй ойлголт үүсээд байна.
Тодруулбал, зарим иргэд "Нутагтаа буцах хүсэлтэй иргэдийг аваагүй хэрнээ Вьетнамаас хүмүүс суулгалаа. Энэтхэгээс төвдүүдийг авч явсан" гэх зэргээр цахим орчинд шүүмжилсэн.
Уг асуудлаар Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболдоос тодруулахад "Элчин сайдын яам нэг ч хүн хасаж, нэмээгүй. Иргэд анх өргөдөл гаргахдаа нутаг буцах хүсэлтэй байна гэсэн. Гэтэл онгоц ирэх үед цөөнгүй иргэн буцахаа болилоо гэсэн. Зарим иргэнд санхүүгийн хүндрэл учирсан. Үүнийг ойлгохыш хичээх хэрэгтэй.
Дээр нь Энэтхэгт харлаад хоёр жил болсон. Энэ хугацаанд ямар ч ажил төрөл эрхэлж, сургуульд суралцаагүй хоёр залуу байсан.
Тэдний визний зөрчил асуудалтай байсан учир арга буюу үлдсэн.
Зөрчлийг нь арилгахаар ажиллаж байна. Төвдүүдийн хувьд монголын иргэншилтэй хүмүүс байсан. Энэ талаарх асуудлыг сайн мэдэхгүй" гэсэн юм.
Харин өөр албаны эх сурвалжаар "Нутаг буцах хүсэлтээ цөөнгүй иргэн цуцалсан. Онгоц жижиг оврынх хэрнээ суудал дүүрээгүй. Аргаа бараад Вьетнамаас 12 хүн суулгасан. Төвдүүд гэдэг зүйлийн хувьд бичиг баримтаараа ялгаагүй монголын иргэн. Харин гадаад иргэншилтэй хоёр хүүхэд ирсэн" гэдэг тайлбарыг өглөө.
Ямартай ч цахим орчинд тарсан шиг онгоц дүүрсэн гэдэг шалтгаанаар нэг ч иргэнийг хасаагүй юм байна.
Харин ч арав орчим сул суудал ирсэн аж. Нөгөөтээгүүр, иргэдийн хардаж буй төвдүүдийн хувьд монголын иргэншилтэй юм байна. Энэ утгаараа Монгол Улсын хууль, дүрэм адил үйлчилнэ гэсэн үг.
Ташрамд дурдахад, Энэтхэг улсад шавилан сууж буй 130 гаруй ламхай буцах хүсэлтээ гаргасан. Тэдний нэрсийг УОК-т хүргүүлсэн гэдгийг Элчин сайдын яамнаас мөн мэдээллээ. Харин УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Дараагийн чартер онгоцыг ойрын хугацаанд хөөргөхөөр судалгаа хийж байна. Онгоц болон нисэх багийн бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангасан" гэдгийг мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (18)