УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ МАН-ын Бага хурлаас тодруулсан билээ.
Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле заалнаас нэрээ дэвшүүлсэн ч түүний оронд Т.Аубакирыг дэвшүүлэхээр болсон юм.
Энэ талаар ХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетай ярилцлаа.
-Таныг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрийн хариуд дургүйцлээ чангахан шиг илэрхийллээ. Судалгаагаар та тийм муу рейтингтэй байсан юм байх даа?
-Яалаа гэж дээ. Харин ч өндөр рейтингтэй байсан. Бүх судалгаагаар шүү. Дээр нь намын Бага хурлаар би хамгийн өндөр санал авсан юм билээ. Гэтэл намын бодлогоор гээд Т.Аубакирыг зүтгүүлэхээр болсон. Ийм шударга бус зүйлийг энэ насандаа харсангүй. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга өмнө нь нэр дэвшүүлнэ гэж байсан. Гэтэл намын Бага хурлын үеэр байдаггүй. Миний орыг эзэлсэн залуу хувь хүнийхээ хувьд боловсролтой л доо. Гэхдээ ах нар нь муухай юмтай хутгаж байна.
Би чамд түүхийг нь ярьж өгье.
УИХ-ын 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймагт нэг эмэгтэй квот өгнө гэлээ. Би ч “За” гэсэн. Гэтэл эрэгтэй нэр дэвшигчид багтаж шингэхгүй зөрчилдөж эхэлнэ биз дээ. Тэр үед Г.Солтан, Х.Баделхан, А.Тлейхан гээд хүмүүс байсан юм. Намайг А.Тлейханы өрөөнд дуудаад “Яах вэ” гэхээр нь “За яахав, Г.Солтан гишүүнд өөрийнхөө квотыг өгье. Гэхдээ би сонгуулийн штаб ахалж ажиллана. Ялалт байгуулбал би төрд ажиллая. Насаараа төрд ажилласан хүн” гэж хэлсэн. Ингээд надад “Ок” гэж хэлээд гарын үсэг зурж өгсөн бичиг нь одоо хүртэл бий. Сонгуульд МАН ялалт байгууллаа.
Би үүнээс өмнө нь М.Энхболд даргад “А.Тлейхан унана. Баян-Өлгий аймгийн түүхэнд гурван удаа дараалж дэвшинэ гэдэг асуудал байдаггүй. Тэгээд ч нас нь явчихлаа” гэж хэлэхэд “Судалгаа бүрээр нэгээр гарч ирээд байна” гэсэн. Тэгэхээр нь “За, би хоёр суудал авчирна” гэж хэлсэн, амандаа хүрсэн. Г.Солтан, Х.Бателхан хоёр ялж, А.Тейхан унасан. За ингээд томилгоо боллоо. Уг нь надад хэлсэн үгтэй, хийсэн гэрээтэй шүү дээ. Гэтэл гэнэтхэн л Т.Аубакир гээд залууг оруулж ирдэг юм даа. Тэгтэл манай яамныхан “Сайд аа, энэ хүн чинь үрийн буудай оруулж ирнэ гэж гэрээ хийгээд чанаргүй буудай оруулж ирсэн. Энэ нь шалгагдсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нөхөр юм байна” гэхгүй юү.
Ингэж байтал АТГ-аас томилогдох гэж байгаа хүмүүсийг шалгатал яах аргагүй ашиг сониохолын зөрчилтэй гээд ХХААХҮ-ийн дэд сайдаар томилуулах боломжгүй гэсэн.
Ингэхээр би дараагийн хүнээр гарч ирнэ биз дээ. Би өмнө нь 2008-2012 онд ХХААХҮ-ийн дэд сайдаар ажилласан хүн. Энэ салбараа гарын арван хуруу шиг ээ мэднэ. Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүн. Ингээд 2020 оны сонгууль дөхлөө. Гэтэл өвөлжингөө дэвшүүлнэ гэж хэлсэн. Би ч гэсэн “Ах нар аа, надад нэг удаа боломж олгоно биз дээ. Би чадлаараа ажиллаа. Хөдөө аж ахуйн салбарыг өөд татах гэж их хичээлээ” гэж хэлсэн. “Тэгнэ” гэж бүгд хэлсэн. Гэтэл байдаггүй.
Баян-Өлгий аймгийн намын хороо бол Х.Баделханы намын хороо. Т.Аубакир гэдэг нь Х.Бадeлхан гишүүний төрсөн эгчийнх нь хүү. Бас Г.Солтан гишүүний төрсөн ахынх нь хүү шүү дээ. Яахав, сайн ярьвал миний нөхрийн талын холын хамаатан л даа.
Ингээд МАН-ын Бага хурал боллоо. Гэтэл “Баян-Өлгий аймгийн намын хорооноос Ж.Саулег дэмжихгүй ээ” гэдэг бичиг явуулчихаж. Уг нь Х.Баделхан гишүүний намын хороо шүү дээ. Орон нутгийн намын хорооны дарга нь Т.Аубакир.
-Шийдвэрт нь нөлөөлсөн гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хэнээс ч санал аваагүй. Надад олон хүн хэлсэн. Ганц нэгхэн хүнээс утсаар асуусан байж магадгүй юм шиг билээ. Энэ бичгээ намын дарга У.Хүрэлсүхэд өгнө биз дээ. Дарга мэдээж итгэх нь дамжиггүй. Ингэж л намайг Т.Аубакираар сольсон.
-Тэгэхээр та ашиг сонирхолын зөрчилтэй гэж харсан байх нь ээ?
-Тэгж хардахаас аргагүй. Дэд сайдаар зүтгүүлж байх үед нь Т.Аубакир мөнгө тараасан гэдгээ согтуудаа ярьсан байна лээ. Хар ухаанаар бодоод үздээ. Баян-Өлгий аймгаас нэр дэвших боломжтой өчнөөн залуу байна. Тэднийг зүтгүүлсэн бол би алгаа ташаад хүлээж авах байсан. Гэтэл өөрсдийнхөө “халаас нэгтэй” хүнийг зүтгүүлэхээр гомдоно биз дээ.
-АН, МАН-ын зарим залуус гомдолтой байна лээ?
-Тэгэхгүй яах юм бэ. Шударга байя л даа. Бүр инээдтэй зүйл ярья. Намын тооллогын комисст Х.Баделханы бие төлөөлөгчийг оруулсан гээд боддоо. Ийм байж болох уу?. Аскар гээд Баян-Өлгийн аймгийн намын дэд дарга бөгөөд Х.Баделханы бие төлөөлөгч залуу бий. Намаас, Х.Баделханаас цалин авдаг. Би Т.Аубакир гэдэг залуутай өрсөлдөөгүй. Харин Х.Баделхантай өрсөлдөнө гээд “Таныг байхад сонгууль шударга явагдахгүй юм байна. Жирийн залуус ажил хөдөлмөр эрхэлж, албан тушаал хашиж чадахгүй юм байна” гэж би намын Бага хурал дээр хэлээд нэрээ заалнаас дэвшүүлсэн. Гэтэл тооллогын комисст Х.Баделханы бие төлөөлөгчийг оруулахаар нь “Ингэж болохгүй шүү дээ” гэж хэлсэн. Даана ч авч хэлэлцээгүй.
Санал хураагаад тоолтол Аскарын нүүр нь улайгаад сонин болчихлоо.
Би дотроо “За, би нэлээд өндөр санал авч дээ” гэж бодсон. Тайзан дээр байсан хэд утсаа оролдтол намын Ерөнхий нарийн бичгийн дарга тайз руу гүйлээ. Гэтэл Ө.Энхтүвшин дарга “00.00 цаг боллоо. Хурдал” гэнгүүтээ шууд л Х.Баделхан, Т.Аубакир, А.Гылымхан нарын нэрийг дуудсан. Уг нь хэн, хэдэн санал авсан гэдгийг танилцуулах ёстой шүү дээ. Ингээгүй.
-Та “Т.Аубакир гэж хэн бэ” гэж цахим хуудастаа бичсэн байсан. Үнэхээр тийм ашиг сонирхолын зөрчилтэй хүн гэж үү?
-Үрийн буудай оруулж ирнэ гээд хогийн буудай оруулж ирсэн нь үнэн. Иргэдийн хуралд квотоор орсон хэрнээ хуралдаа нэг ч удаа суугаагүй, энэ үнэн. Хотын Гаальд намын шугмаар оруултал төрийн албаны шалгалтад бүдэрчихсэн. Мөнгөтэй хүн юм даа. Казахстанд амьдардаг. Сонгууль дөхөхөөр мөнгөө бариад гүйгээд ирдэг. Надад итгэхгүй бол казах залуусаас асуугаарай.
Би нэр дэвшихгүй байж болно. Гэхдээ намынхаа төлөө гутлын улаа цоортол гүйсэн залуус олон байна.
Үгүй ядаж мэдлэг боловсролтой залуус захаас аваад байна. Тэднийг нэр дэвшүүлэхгүй яав даа.
-Уг нь эмэгтэй гишүүдээ бодлогоор дэмжинэ гэхээр таныг нэр дэвших байх гэж их харсан. Харамсалтай нь, тийм зүйл болсонгүй. Зарим иргэд харамсаж байгаагаа цахим орчинд илэрхийлсэн харагдана лээ?
-Би бүх судалгаагаар эхний гуравт орсон. Шударга байвал хэн ч шударга л байна. Би оюутны ширээнээс салаад л төрд ажилласан. Энэ хугацаанд хууль бус зүйл нэг ч хийгээгүй.
Намайг ЖДҮ авсан гэж гүтгэсэн. Би өөрийгөө шалгуулсан. Үгүй гэдэг нь тогтоогдсон.
Надаас ухаад муу зүйл юу ч олохгүй. Х.Баделхан гишүүн Баян-Өлгий аймгийн замын бүх тендерийг авдаг. Ямар худлаа юм биш. Цэвэрлэх байгууламжийн удирдлагад аймгийн Засаг дарга А.Гылымханы хүүхэд нь ажиллаж байна. Хамгийн гол нь манай аймгийг ах, дүүсийн хэлхээгээрээ хэрчихсэн. Аймгийн бүх томилгоо Х.Баделхан гишүүнээр дамждаг. Ямар худлаа юм биш. Аймгийг атгасан шиг ээ, парламентийг ч гэсэн атгах санаатай байх шиг байна.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (44)